Г.Минжинсор: Эрэгтэй хүмүүс, хүүхдүүд түүхийн холбогдолтой номыг илүү сонгон уншдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сангийн номын санч Г.Минжинсортой ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд эзэмшсэн мэргэжлийг тань асуумаар байна?
-Би 2016 онд СУИС-ийг Соёл, урлагийн менежер мэргэжлээр төгссөн. 2018 онд Улс төр менежментийн академийн Соёлын ангийн төгссөн.
-Нийтийн номын санд хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Их сургуулиа төгсөөд соёлын салбарт 8 жил ажиллаж байна. Номын санчаар бол 5 дахь жилдээ ажиллаад явж байна.
-Аймгийн номын сан хэчнээн заал танхимд, хэдэн төрлийн
ном товхимлоор иргэдэд үйлчилж байна вэ?
-Нийтийн номын сан, Хүүхдийн номын ордон нийлээд 11 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулдаг. Төрөлжсөн 12 танхимаар иргэд, уншигчдадаа үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, бага насны хүүхэд багачуудад зориулан тохижуулсан “Их мэдэх”, “Эко” гэх мэт тусгай тохижилттой танхимуудтай. Манай номын сангийн сан хөмрөгт 80 мянга гаруй ном, хэвлэл хадгалагддаг. Гэрээр, танхимаар, соёл олон нийтийн ажил, нүүдлийн номын сан, зөөврийн номын сангийн үйлчилгээгээр дамжуулан уншигчдад хүргэж байна. Үүнээс 1450 нэгж сэтгүүл, 900 гаруй нэгж сонин тогтмол хэвлэлийн фондод хадгалагддаг.
-Номын баяжилтыг хэр хийж байна. Ямар номоор баяжилт хийдэг вэ? Жилийн төсөв нь?
-Уншигчдын эрэлт хэрэгцээг үндэслэн татгалзлын дэвтэр хөтөлж, тухайн жилийн батлагдсан төсвөөс хамааран сан хөмрөгийн баяжилтаа хийдэг. 2024 оны байдлаар 3.420.800 төгрөгийн ном, 1.038.600 төгрөгийн 11 нэр төрлийн сонин сэтгүүлээр сан хөмрөгийн баяжилт хийсэн байна. Ихэвчлэн нэвтэрхий толь, дэлхийн сонгодог зохиол, хувь хүний хөгжил, Монголын болон гадаадын уран зохиолын номоор баяжилт хийсэн.
-Хүмүүс номын сангаас ямар номыг
түлхүү авч уншиж байна вэ?
-Номын сангаар бүх насныхан үйлчлүүлдэг болохоор номын сонголт нь ч бас янз бүр байдаг. Бага насны хүүхдүүд ихэвчлэн үлгэр, өгүүллэг, комик ном, ахлах, дунд ангийн сурагчид хичээлийн холбогдолтой шинжлэх ухааны салбарын ном, хувь хүний хөгжил, шүлэг хайку, эсээ, монголын болон гадаадын уран зохиолын номыг түлхүү авдаг. Оюутан залуус өөр өөрсдийн суралцаж буй мэргэжлийн холбогдолтой номоо болон өөрсдийн сонирхол, уншдаг төрөл жанрын дагуу сонголтоо хийдэг. Насанд хүрэгчид, ахмад уншигчдын хувьд бол сонин, сэтгүүл, нийтлэл, намтар, дурдатгал, дээхэн үеийн уран зохиолын номыг голчлон авдаг.
Хамгийн их эрэлттэй уншлагад гардаг ном бол уран зохиолын, түүхийн, шинжлэх ухааны, монголын болон дэлхийн сонгодог зохиолууд, хувь хүний хөгжлийн номууд байдаг. Мөн бусад шинжлэх ухааны салбарын номууд ч бас уншлагад муугүй гардаг. Жишээлбэл, анагаахын шинжлэх ухаан, хэл шинжлэл, байгалийн ухаан, сэтгэл судлал, боловсрол, философи, соёлын өв, урлаг, хөдөө аж ахуй, аман зохиол, утга зохиол судлал, шашин гүн ухаан болон монгол хэл, бичиг, англи, солонгос, япон, орос, хятад зэрэг хэлний дүрмийн ном толь бичгүүд гэх мэт хүний хэрэгцээ хязгааргүй учраас өөр өөрсдийн суралцаж судалж буй чиглэлийн дагуу уншигчид маань номоо сураад ороод ирдэг.
-Номын сангийн тогтмол үйлчлүүлэгчдийг дурдвал?
-Гоё асуулт байна. Түрүүний хэлсэнчлэн нас насны, олон янзын харилцаа хандлагатай, сурч мэдэхийг хүссэн, гэгээлэг сайхан хүмүүс зорин ирж үйлчлүүлдэг. Тэдэнтэйгээ уншсан номынхоо талаар ярилцах, харилцан суралцах, мэдээлэл солилцох, хайсан хэрэгцээт мэдээ, мэдээлэл, ном, хэвлэлээр нь хангах гээд л би өөрөө их яриа болохоор ч тэр үү энэ ажилдаа маш их дуртай.
Байнгын уншигчдадаа бүр дасчихсан, дотно болчихсон байдаг. Ирээгүй өдөр нь хааччихсан юм бол... Ахмад уншигч бол “зүгээр байгаа” гэж хүртэл санаа зовох тохиолдол гарна аа.
Чанартай уншлага хийдаг хөөрхөн уншигч дүү нараа арван жил, их сургуулиа төгсөхөөр нь санаад л. Зарим нь төгссөн ч зорьж ирнэ, бүр номон бэлэгтэй ирж баярлуулна. Ахмад уншигчид өглөө бүр эртлэн ирж ном, сонин хэвлэлээ гэрээр болон танхимаар авч уншдаг. Монгол Улсын гавьяат багш М.Шагдарсүрэн, ахмад багш П.Очирпүрэв, ахмад уншигч Н.Данинов, Г.Бямбасүрэн, П.Оюунгэрэл, зохиолч, сэтгүүлч Ш.Чимэдбалдир зэрэг олон буурлууд маань номын сандаа бүртгэлтэй. Тэд өглөө ажлын цаг эхлэхтэй уралдан орж ирээд, орой тарахад хамт гарна.
Бас цайны цагаар ч сууж л байдаг уншигчид бас багагүй бий. Одоо үед сурагчид маш их завгүй болсон юм шиг санагддаг. Хичээл, даалгавар, сонгон, дугуйлан, төлбөртэй төлбөргүй давтлага, секц, өөрсдийгөө хөгжүүлэх олон төрлийн клуб, зөвлөлд хамрагддаг болсон. Завтай үедээ номын санд сууж хичээл хийх, ном уншихыг илүүд үздэг болсон санагддаг.
Нийтийн номын сангийн дэргэдэх “Оюуны мэлмий” номын клубийн гишүүд маань тогтмол уншдаг, суудаг. Мэдээж унших хүсэлтэй хүүхдүүдийн нэгдэл учраас байнгын уншигч, тэргүүний уншигчдаасаа анх гишүүдээ бүрдүүлж байсан. Энэ дунд 9-р ангиасаа эхлэн өдөр бүр хичээлээ тараад ирж суудаг, гэрээрээ ном авдаг, зааланд уншдаг чанартай уншлага хийдэг дөрвөн уншигч минь бий. Бас зааланд суухгүй хэрнээ тогтмол гэрээр ном авдаг, уншиж дуусаад ирж сольдог хүмүүс хамгийн их. Номын клубтэй болсон нь надад маш их хүч, урам зориг өгч, ажилдаа илүү их дурлах болсон. Хүүхдүүд хамгийн зөв, шударга, сайхан энергитэй, үнэн байдаг. Тэдэнтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээдэг дээ.
-Та өөрөө ч ном унших дуртай байх. Намайг орж ирэхийг анзаарахааргүйгээр ном уншиж байсан?
-Бас яах вэ, муугүй уншдаг. Ихэвчлэн түүхэн романыг шимтэн унших дуртай. Хамгийн их таалагдсан нь Сэрээнэнгийн Сосорын “Хүнчин” роман 1, 2-р дэвтэр байсан. Хорих ангид 25 жил ял эдэлж буй гэмт хэрэгтэн, хянагч хоёрын хоорондын харилцааны тухай өгүүлэх бөгөөд хянагч хүн өөрөө ялтан мэт түгжээтэй торны цаана ажлаа хийж, ял эдэлж буй хэрэгтнүүдийг зөв хүмүүжүүлэх гэж хэрхэн хичээж буй талаар гардаг.
Яг одоо Бямбажавын Баярхүү зохиолчийн “Хайрцаг” триллер романыг уншиж дуусаад байна. Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийн хар бараан бүхнийг харуулсан их хүнд төрлийн роман л даа. Хэт их хэтрүүлэгтэй ч гэмээр, эсвэл үнэхээр ийм юм болдог гэж үү гээд түгшмээр, цочирдмоор айдас дүүрэн санаанд оромгүй зүйлсийг харуулсан ном. Гэхдээ мэдээж маш их сургамжтай, олон юм ухааруулж ойлгуулсан. Б.Баярхүү зохиолч их сайн бичдэг нь харагдсан. Хүнд сэдвээр бичсэнийг нь биш өөр бусад номыг нь уншаад үзээрэй алдахгүй ээ гэж хэлье. Одоо уншихаар төлөвлөсөн олон ном байгаа.
-Ямар төрлийн, хэчнээн номыг уншсан байна вэ?
-Монголын болон гадаадын уран зохиол, түүхэн роман, хувь хүний хөгжлийн номыг голлон уншдаг. “Хагацашгүй”, “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь”, “Үнэнч хайрын золиос”, “Хойд насандаа учирна”, “Цагаан бороо”, “Тэнгисийн дундах гэрэлт цамхаг”, “Ялагсад”, “Самар хатан”, “Үүлэн хээтэй орчлон”, “Сорхугтани бэхи”, “Ану хатан”, XX зууны шилдэг роман “Усны гудамж”, “Хайрцаг” триллер роман, “Цасан хуй”, “Хосын жор”, “Илтгэх урлагийн нууц жор”, “Дүүлэн нис” гэх мэт тоочоод байвал олон бий.
Дэйл Карнегийн “Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон” энэ номыг уншаад хөтөлж байсан тэмдэглэлээ одоо ч хадгалсаар байдаг. Хааяа нэг сэргээж хардаг. Энэ номоос уншсан зүйлээ өөрийн амьдралд хэрэгжүүлж хэвшил болгохыг хичээдэг. Ер нь бол миний амьдралд хамгийн их нөлөөлсөн сайхан ном.
-Монголын түүх, шинжлэх ухаан, өв соёлтой холбоотой ном сонин сэтгүүл танайд хэр байдаг вэ?
-Сан хөмрөгт хадгалагдаж байгаа энэ олон номон дунд түүхийн шинжлэх ухааны ном түлхүү байдаг. Өв соёл, бусад шинжлэх ухааны салбарын ном, сэтгүүл, сонин багагүй хувийг эзэлдэг. За ер нь их байдаг гэхэд хилсдэхгүй ээ. Сониноос онцолбол, “Архангайн үнэн”, “Архангайн амьдрал” сонины дугаарууд тогтмол хэвлэлийн фондод хадгалагддаг. Энэ бол Архангайнхны түүхийн томоохон үнэн бодит баримт.
-Дээрх номыг тухайлан зорьж уншдаг хүн бий юу?
-Өв соёл болон түүхийн шинжлэх ухааны ном хэвлэлийг уншдаг, мэдээлэл шүүдэг хүмүүс олон. МУБИС-ийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Түүх, нийгмийн ухааны ангийн оюутнууд, мэргэжлийн багш нар, иргэд, уншигчид гэх мэт. Унших судлах, мэдээлэл шүүх гэх мэт хэрэгцээ нь гарсан тохиолдолд хамгийн түрүүнд номын сандаа л ханддаг. Бодит түүхийн номыг түүхэн романтай харьцуулалт хийж уншаад дүгнэлт хүртэл хийдэг байнгын уншигч байна. Эрэгтэй хүмүүс, хүүхдүүд илүү их түүхийн холбогдолтой ном сонгож уншдаг юм шиг санагддаг.
-Номын санч хүний хувьд ном уншихыг уншигчдад хэрхэн уриалж байна?
-Эхлээд тухайн уншигчаа анхаарч сонсоод өөрийх нь уншдаг төрөл, унших арга барил, сонирхолд тохируулан ярилцаж, ямар ном уншихыг зөвлөдөг. Номын санд анх ирж байгаа хүнийг алдахыг хүсдэггүй. Ахиад иртэл нь сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг.
Уншигчдад өөрийнхөө гоё гэж дүгнэсэн номыг санал болгох нь
өрөөсгөл юм. Хүн бүрийн гоё гэх мэдрэмж өөр учраас тэр. Харин тухайн хүнийг
өөрийнхөө яг дуртай төрлийн номыг олж уншихад нь тусалдаг. Өөрийнхөө дуртай,
сонирхдог төрлийн номоо олж уншсан хүн л номын ертөнцөд шимтэн орно шүү дээ. Мөн
бага ч хамаагүй уншлагын тогтмол цаг гаргах, уншихыг хэвшил болгохыг зөвлөдөг.
Хичээл хийхээр орж ирсэн уншигчийг “уншдаг уу? хэр уншдаг вэ?” гэж асуугаад
нээлттэй ярилцаад эхэлдэг.
Тэгээд огт уншдаггүй байсан хүнийг хүртэл байнгын уншигчаа болгож чадсандаа урамшин улам олон хүнд нөлөөлөхийг, уншдаг болгохыг хүсдэг.
-Номын сан монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлээр бусад байгууллагыг бодвол олон ажил зохион байгуулж харагддаг. Хүүхдүүд болон иргэдэд нөлөөллийн ажил нь хэр хүртээмжтэй, үр дүнтэй хүрсэн байна вэ?
-Манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирсэн. Энэ үйл ажиллагааг жилийн жилд үр дүнтэй, хүртээмжтэй, өргөн дэлгэр болж, оролцогчдын сэтгэл ханамж, оролцоо, хамрагдалт өсөн нэмэгдсээр л байдаг. Мөн аймаг, сумдын монгол хэл, уран зохиолын багш нар, тогтмол оролцдог сурагчид, насанд хүрэгчдийн хүсэн хүлээж, монгол үндэсний дээл хувцсаараа гоёж, хол, ойроос зорьж ирээд хүндэтгэлтэйгээр оролцдог нь хамгийн сайхан. Уламжлал болсон баяраар хэл бичгийн ахмад багш нар, хүндэт хүмүүс маань ирж, нээлтэд оролцож, үндэсний бичгийн үзэсгэлэнгээ үзэж, уулзаж учирцгаадаг нь бахархалтай.
“Үндэсний бичиг үсгийн баяр”-т жил бүр шүүгчээр ажиллаж бидний үйл ажиллагааг дэмжиж хамтардаг монгол хэл, уран зохиолын багш нарт, сурагчдаа бэлдэж, амжилттай оролцуулдаг багш нар, насанд хүрэгчид, оролцогч сурагчдадаа талархал илэрхийлмээр байна. Мөн зохион байгуулалтын хамгийн чухал ажил нь материал бэлдэх юм. Алдаагүй зөв бөгөөд нууцлал өндөртэй. Нууцлал өндөр гэдэг нь бэлдэж байгаа хүн нь өөр ажилтан, албан хаагчдад харуулахгүй, ганцаараа бэлддэг. Материал тараагдсаны дараа бусад шүүгчдэд танилцуулж, өөрөө хамт шүүнэ. Тэр олон оролцогчдын тоогоор хувилах, олшруулах, гурван төрлийн, гурван насны ангилалд тохируулан бэлдэх ажлыг гүйцэтгэдэг, чадварлаг фондын номын санч Т.Уянга эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Маш их цаг хугацаа, хөдөлмөр, чин сэтгэлээ зориулдагт нь.
Мөн орон даяар 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласантай холбогдуулан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах болсон учраас төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэгийг сорих, монгол бичгийн хэрэглээг эрчимжүүлэхэд түлхэц өгөх, тууштай хурдан сурах идэвх, сэдлийг өдөөж, дэмжих зорилго дэвшүүлэн анх удаа аймгийн төрийн байгууллагуудын дунд “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх тэмцээнийг фондын номын санч Т.Уянга эгч маань санаачлан хамт олноороо зохион байгуулсан нь шинэлэг, үр өгөөжтэй байсан. Энэ 2025 онд ахин зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг би өөрөө ч хүсэн хүлээдэг. Үйл ажиллагааг хөтлөөд зогсож байхад гоё мэдрэмж авдаг. Миний дуртай баяруудын нэг гэж хэлэхэд болно.
-Одоо номын санд байгаа уншилт ихтэй “бэст” номоосоо
санал болгооч?
-Олон ном бий. Дурдвал, Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”, “Хараацай зогсолт” 1, 2, “Нүдний шилэнд үлдсэн зургууд, Пүрэвмаагийн “Манго жимстэй цай”, Сосорын “Хүнчин” 1, 2, Болор -Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй”, Пүрэвийн “Хэмжээс”, “Гүнж-Могой цэцэг”, Шүүдэрцэцэгийн “Дүүлэн нис”, “Ялагсад”, “Улаан могой” 1, 2, “Ану хатан”, “Хагацашгүй”, Сарантуяагийн “Сорхугтани”, “Самар хатан”, “Тавилан” 1, 2, 3, Бүжинлхамын “Цойлогсод”, Баярхүүгийн “Алхимич”, “Ад үзэгдэх зориг”, “Тэнгэрийн ташуур”, “Тэнгэрийн таалал”, “Тэнгэрийн улаач”, “Тэнгэр зайран”, “Цагаан бороо”, “Дуурийн театрийн хий үзэгдэл”, “Миний хөөрхөн шүдний аялал” 1 – 25, “Цасан хуй”, “Монголо гэдэг эрхэм”, “44 өнгө”, “Таши” 1-16 цуврал, “Харри потер”-ийн цувралууд, Түүхийн 5 боть, Динза цуврал, Майн Рид, Харуки Мураками, Стиг Ларсон, Жожо мойесийн номнууд гээд тоочоод байвал зөндөө байна. Номын сангаас карт нээлгээд өөрийн дуртай номоо хэдийд ч аваад уншиж болноо.
-Ярилцсанд баярлалаа.