Чип үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтаа танаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-01-14 13:56:32

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 14 /Nikkei/. Ухаалаг гар утас, цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт буурсны улмаас хагас дамжуулагч үйлдвэрлэгч томоохон компаниуд анхны төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа танаж байгаа тухай “Nikkei” сонинд бичжээ. 


Өнгөрсөн онд чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 10 компани төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, өмнөх оныхтой харьцуулахад хөрөнгө оруулалтаа 2 хувиар бууруулсан нь 123.3 тэрбум ам.доллар болгожээ. Энэ нь 6 хувиар өсгөхөөр 2024 оны төлөвлөгөөнд тусгаснаас 9.5 тэрбумаар багассан мөнгөн дүн юм. 


Хөрөнгө оруулалтын хэмжээг ийнхүү бууруулах болсны шалтгаан нь коронавирусний цар тахлын үед дээд цэгтээ хүрснийхээ дараа ухаалаг утас болон бусад төхөөрөмжийн эрэлт огцом буурсан, мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд саарсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн онд эрэлт ерөнхийдөө сэргэнэ гэж таамаглаж байсан боловч хиймэл оюуныхаас бусад ихэнх салбарт сул үзүүлэлттэй гарчээ. Европ болон АНУ-д эрэлт буурч байгааг дагаад цахилгаан автомашинд зориулсан хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалт мөн буурч байна.


Чип үйлдвэрлэгчдийн SEMI холбооноос мэдээлснээр, одоогийн байдлаар дэлхийн бичил чип үйлдвэрлэх хүчин чадлын дөнгөж 70 хувь нь ашиглагдаж байгаа бол хэвийн түвшин нь 80 хувь байдаг.


Харин хиймэл оюуны технологид ашигладаг чип үйлдвэрлэгч компаниудын хөрөнгө оруулалт эсрэгээрээ нэмэгдэж байна. Тухайлбал, TSMC компани 2024 онд хөрөнгө оруулалтад 30 тэрбум ам.доллар зарцуулсан бол SK Hynix ирэх таван жилийн хугацаанд 70.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.


Урьдчилан тооцоолсноор, өнгөрсөн онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн багтаамж 626.8 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оныхоос 19 хувиар өсжээ. Ийнхүү өсөхөд автомашины болон бусад салбарт ашигладаг чипүүдийн эрэлт бус хиймэл оюуны технологид ашигладаг чипүүдийн эрэлт нөлөөлсөн байна. 



Холбоотой мэдээ