ЗАВХАН: Нийт нутгаар цас ихтэй, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-14 15:24:16

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ус цаг уур орчны шинжилгээний төвийн судалгааны мэдээллээр Завхан аймаг энэ жил бэлчээрийн даацтай гарсан байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр нийт нутгийн 51 хувь нь нөөцтэй, 19 хувь нь хүрэлцээтэй, 21 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 4 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 5 хувь нь олон дахин хэтэрсэн дүнтэй гарсан байна.


Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасны дундаж зузаан 3-15 см, битүү цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Тэс 18 см, Цагаанчулуут 17 см, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй сумдын нутгаар 16 см, Сантмаргаз 11 см байна.


Отгон, Сонгино, Завханмандал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан сумын нутгаар 10 см, Нөмрөг, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн, Яруу, Цагаанхайрхан сумын нутгаар 7-9 см, Улиастай, Ургамал, Дөрвөлжин сумын нутгаар 6 см цасан бүрхүүлтэй байна.


Цасны дундаж нягт 0.09-0.24 гр/см3 байна. Отгон сумын Буянт, Баянбулаг багийн

/хангай буюу зуслангийн/ нутгаар тэгш талдаа 20-30 см, хунгарласан газраа 30-37 см, гуу жалгандаа 40-70 см цастай байна.


Агаарын температур Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -27-32 градус хүйтэн. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -33-38 градус, өдөртөө -23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.


Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, зарим газраар хунгарласан, цасны нягт зузаан их байна. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч байгаа тул ялангуяа малчид, иргэд сэрэмжтэй байна уу.


Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна.  


Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх. Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх. Ялангуяа иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ