ОРХОН: Томуу, томуу төст өвчний түргэвчилсэн шинжилгээг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-15 14:32:27

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлын багийн ээлжит хуралд Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, холбогдох мэргэжилтэн оролцлоо.


Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол 10000 хүн амд 68.3 бүртгэгдэж, өнгөрсөн 7 хоногоос 33.7 тохиолдлоор, амьсгалын замын цочмог хүнд халдвартай 96 хүн шинээр эмнэлэгт хэвтэж, 10000 хүн амд 9 тохиолдол бүртэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.6 тохиолдлоор буурсан тул дараах шийдвэрийг гаргалаа.


Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 08:00-19:00 цаг хүртэл ажиллаж, амралтын өдрүүдэд амарна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гэрийн эргэлтийг чанаржуулах, өдрийн эмчилгээг 0-5 насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийн иргэдэд хамрагдалтыг нэмэгдүүлэн, квот тогтоохгүй хамруулах, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт нэмэлтээр ажиллаж буй хүний нөөцийг үргэлжлүүлэн хэвээр ажиллуулах, Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан сургуулийн орчинд халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр боллоо.


Мөн багш сурагч нар сургуулийн орчинд амны хаалт зүүх, 1,2 дугаар ээлжийн сурагчид амны хаалттай ирэх, сургуулийн орчинд гар угаах нөхцөл бүрдүүлж, анги бүр гар халдваргүйжүүлэх уусмал байршуулах, агаар сэлгэлтийг 2 цаг тутам тогтмол хийх зэрэгт онцгой анхаарах үүрэг чиглэл өглөө.


Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад халдвараас сэргийлэх чиглэлээр нэг ангид байх хүүхдийн ирцийг 50 хувиас бага түвшинд барих буюу гэрээр хүүхдээ харах боломжтой эцэг эх, асран хамгаалагч нар цэцэрлэгийн хүүхдийг гэрт нь байлгах чиглэлийг хэвээр үргэлжлүүлэх, эцэг, эх асран хамгаалагч нарыг хүүхдээ хүлээлгэн өгөх, хүлээн авахдаа заавал амны хаалт зүүх зэрэгт дадал тогтоохыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Мөн хурлын үеэр орон нутгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 2000 ширхэг томуу, томуу төст өвчний түргэвчилсэн оношлуурыг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Томуу, томуу төст өвчний түргэвчилсэн шинжилгээг БОЭТ болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийж эхэллээ.

Холбоотой мэдээ