Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-15 10:10:27

СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /Yonhap/. Өмнөд Солонгосын мөрдөгчид импичмент зарлуулсан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилж, онц байдал тогтоосонтой нь холбогдуулан байцаалт авахаар авч явжээ.  


Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн мөрдөн шалгах газраас /CIO/ мэдээлснээр, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг 10:33 цагт гүйцэтгэсэн байна.


Телевизийн шууд дамжуулж буйг үзэхэд, Юн Сог Ёлийг суулгасан автомашин ба дагалдах цуваа Сөүлийн төв дэх ерөнхийлөгчийн ордноос гарч, тус хотоос өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-ын төв байрыг зорьжээ.

 

"Цус урсах эрсдэлээс зайлсхийхийн тулд авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхөөр шийдсэн" гэдгээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сог Ёль мэдэгджээ. Тэрбээр мөн тус агентлагийн мөрдөн шалгах ажиллагааг хууль бус гэж дүгнэсэн байна.


Юн Сог Ёль өөрийг нь Гвачон дахь CIO-ын төв байранд авчрахын өмнө дээрх мэдэгдлийг хийсэн байна. Сөүлийн төвд орших ерөнхийлөгчийн ордонд хийсэн дүрс бичлэгтээ тэрбээр “мөрдөн шалгах ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа боловч хүч хэрэглэсэн үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд би CIO-д байцаалт өгөхөөр шийдсэн” гэж хэлжээ.


Мөрдөгчид Юн Сог Ёлийг бослого үймээн дэгдээсэн гэх хэргээр саатуулсан нь тус улсын түүхэнд ерөнхийлөгчийн алба хашиж буй хүнийг баривчилсан анхны тохиолдол болж байна.

Холбоотой мэдээ