Индексжүүлсэн даатгалд 59.4 сая толгой малыг хамруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 9-нд өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, зуд болон
гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах
зорилгоор Засгийн газар Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр малын индексжүүлсэн
даатгал төслийг 2005-2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж, улмаар Малын индексжүүлсэн
даатгалын тухай хуулийг УИХ-аас 2014 онд баталсан. Хууль хэрэгжснээр Монгол
Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурийг тавьсан.
Манай улс малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс
хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59.4
сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26.1
тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. Хэдийгээр малын даатгалын эрх
зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн
боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь
тус даатгалд хамрагдаж байгаа нь хууль, эрх зүйн орчныг оновчтой болгох шаардлагатайг харуулж байна.
Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх малчдын мал сүргийг учирч болзошгүй
эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас уг
хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсныг салбарын сайд онцлов.
Хуулийн төсөлд даатгалын нөхөн
төлбөр олгох босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоохоор тусгасан байна.
Энэ нь малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх,
улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач
холбогдолтой. Мөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн
намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг
хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгасан аж. Нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор
малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн
тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж
төсөл санаачлагчид үзжээ.
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант хариултдаа,
“Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу хагас жилийн мал тооллогын
дүнгийн дараа нөхөн төлбөрийг сумдын малын зүй бус хорогдлыг дүнд үндэслэн
олгодог. Хагас жилийн мал тооллогын дүн долоодугаар сард эцэслэгдээд наймдугаар
сард хамтын эрсдэлийн сангийн хурлаар ороод 9-10 дугаар сарын хооронд даатгалын
нөхөн төлбөр олгодог. Үүнд даатгалын ач холбогдол багасаж, даатгуулагчийн
сэтгэл ханамж сул байдаг. Иймд хуулийн төсөлд Статистикийн үндэсний хорооны
мэдээлэлд үндэслээд тухайн сум орон нутгийн малын хорогдлын босго үзүүлэлтийг
давах нь тодорхой болсон тохиолдолд хугацаанаас өмнө гаргасан мэдүүлэгт
үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан авах
уян хатан зохицуулалтыг тусгасан” гэлээ. Мөн тэрбээр, хуулийн хэрэгжилт
хангалтгүй, малчдын малаа даатгалд хамруулсан хувь хэмжээ бага байгаагийн
шалтгаан нь даатгалын босго үзүүлэлт өндөр байсантай холбоотой гэдгийг 21
аймгийн Засаг дарга нарын дунд явуулсан судалгаанаас харагдсан. “Үндэсний
давхар даатгал” ХК, Сангийн яамнаас тодорхой тооцоо, судалгаа хийхэд зарим
аймгийн сумдад зургаагаас доош хувийн босго оноо тогтоох боломж байгаа хэдий ч
хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд энэ талаар хатуу заалттай байдаг. Иймд
Засгийн газарт босго үзүүлэлтийг уян хатан зохицуулах боломж олгохоор
тусгаснаар малчдыг даатгалд хамруулах нэг хөшүүргийг бий болгоно гэсэн нэмэлт
тайлбарыг өгөв.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын
хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ. Байнгын
хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.