Хөвсгөл нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 20-25 см нимгэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Ус цаг уурын өртөө, Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хөвсгөл нуурын мөсний зузааны хэмжилтийг 9 байршилд хийж, эрсдэлтэй газруудад хориглох тэмдэг байршууллаа.
Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр нимгэн байна.
Эрсдэлтэй газрууд болох Мэргэний рашааны өрх орчимд 15, Сүхбаатар хөлөг онгоцны зогсоолын хэсэгт 2, Хуучин нефть баазын зогсоолд 4, Ноосны үйлдвэрийн ус авах хэсэгт 7 ширхгийг тус тус байршуулсан байна.
Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн анхааруулга, хориглох тэмдэг байрлуулсан газрууд болон мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх баталгаат зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.
Мөн гол нуурын мөсөн дээр тоглох, автомашины араас зүүгдэж гулгах зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг зөвлөлөө.