ХӨВСГӨЛ: ОХУ-ын Тува улстай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-22 12:39:05

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатараар ахлуулсан ажлын баг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад ажиллаж байна.


Тува Улс дахь Ерөнхий консул О.Цэндсүрэн нар Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг мөн тус улсын Зам тээвэр, Хүнс, хөдөө аж ахуй, Харилцаа холбоо, Эрчим хүч, Гадаад харилцаа, Аялал жуулчлалын сайд нартай уулзлаа.


Уулзалтын үеэр хоёр тал худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.


Үүнд боловсролын салбарт сурагч солилцоо, цаатан хүүхдүүдэд Тува хэл сургах хөтөлбөр хэрэгжүүлэх, Тувагийн их сургуультай хамтран ажиллаж, оюутан сургах, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, уламжлалт соёлыг түгээн сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар болов.



Мөн эрүүл мэндийн салбарт сувилагч, тусгай мэргэжилтэн бэлтгэх,  мах нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа бий болгох боломжийг судлах, цаа бугын аж ахуйн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, цаа бугын генетик нөөцийн хамгаалалт, үржлийн ажлыг дэмжих талаар санал нэгдэв.


Энэ үеэр Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг цаатан иргэдийн уулзалтыг сэргээн зохион байгуулж буйд талархал илэрхийлж, уг үйл ажиллагааг соёл, уламжлалыг хадгалах, ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэх чухал алхам хэмээн онцоллоо.


Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар уулзалтын төгсгөлд Хөвсгөл аймаг болон Бүгд Найрамдах Тува улсын хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбаруудад бодит үр дүнтэйгээр өргөжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

 

 

 

Холбоотой мэдээ