ДОРНОГОВЬ: Музейн үзмэрийн ихэнх хувийг зураачдын уран бүтээл эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-16 16:24:23

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын Орон нутаг судлах музейн зарим сан хөмрөгөөс хүргэе.


Тус сумын Орон нутаг судлах музейн үзмэрийн 80 гаруй хувийг нутгийн зураачдын зураг бүтээлийн дээж бүрдүүлдэг байна. Тухайлбал, нутгийн зураач Б.Цэрэннадмидын “Сум тосгоны зураг”, “Иххэтийн уул”, “Чуваа арслан” зэрэг тосон будгийн томоохон бүтээлүүд байдаг.



Харин нэрт яруу найрагч Р.Чойномын бүтээл болох тосон будгийн гурван зураг музейн үзмэрийн танхимд байршиж байна. Тодруулбал, “Төлчин бүсгүй”, “Талын айл”, “Өвлийн нүүдэл” нэртэй гурван зургийн утга санаа нь орон нутгийн нэгэн цаг үеийн үйл явдал, өнгө төрхийг агуулж байдаг тул Соёл, спортын төвийн дарга Н.Мөнхжаргал нутгийн иргэдийн гар дээр байсан зургийг сумынхаа Орон нутаг судлах музейд авчирч байрлуулжээ.


Нэрт яруу найрагч Р.Чойном тухайн үед Иххэт сумын Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх газарт хоригдож байхдаа дээрх зургийг зурж байсан түүхтэй аж. Тус суманд өмнөх нийгэмд Хажуу-Улааны нүүрсний уурхай ажиллаж байв. Тиймээс музейн үзмэрийн зарим хэсгийг уурхайн үйл ажиллагаатай холбоотой эд зүйлс бүрдүүлдэг байна.

Холбоотой мэдээ