Р.ЦЭРЭНТУЛГА: Хурдхан уншиж сураад дуртай номоо уншихсан гэж боддог байсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Бэгзийн Явуухулангийн нэрэмжит төв номын
сангаар өдөр бүр үйлчлүүлдэг уншигчдын 50 гаруй хувийг цэцэрлэгийн насны болон
бага ангийн хүүхдүүд эзэлдэг.
Тэдний нэг нь
Улиастай сумын Дэвшил сургуулийн 2б ангийн сурагч Рэнцэндоржийн Цэрэнтулга юм.
Тэрээр 6 настайгаасаа эхэлж өдөр бүр ээжийгээ дагаж номын сан дээр ирж ном
уншдаг дадалтай болжээ. Өдгөө үлгэрийн болон танин мэдэхүйн 10 гаруй ном уншиж,
найзууддаа болон, дүү нартаа ярьж өгдөг ажээ. Ээлжит номын уншлагаа хийж
байхтай нь таарч цөөн хором ярилцлаа.
-Номын санд
байнга ирдэг үү?
-Тийм ээ. Манай
ээж номын санд ажилладаг юм. Би сургуульд орохоосоо өмнө ээжийнхээ ажил дээр
байнга ирдэг байсан. Үсэг мэдэхгүй, уншиж чаддаггүй болохоор зурагтай ном үзэх
дуртай байсан. Номын сангийн хаана ямар тавиур дээр нь ямар номууд байдгийг
андахгүй мэддэг. Тэгээд нэг өдөр үзэх номоо эрж байгаад сансрын тухай гоё
зурагтай номыг олж үзсэн юм. Тэр номынхоо зургуудыг үзээд уншиж чаддаг болох юм
сан гэж их бодсон. Өдөр бүр л зургийг нь үздэг байсан. Тэгээд сургуульд ороод
уншиж сураад энэ номоо өөрөө үсэглэсээр байгаад уншаад сурсан. Гэхдээ их удаан
уншсан.
-Гоё зурагтай ном
нь ямар нэртэй ном юм бол?
-“Танин мэдэхүйн
нэвтэрхий толь”-ийн сансрын тухай ном. Сансар огторгуй маш сонирхолтой, энэ номоо уншиж чаддаг болоод би
бүр салахаа байсан. Сургуульд ороод уншиж бичиж чаддаг болоод тэгээд дуртай
номоо уншдаг болсон болохоор номын сандаа байнга ирдэг болсон.
-Сансар судлал яагаад
сонирхлыг нь татсан бэ?
-Уншиж чаддаггүй
байхдаа зургийг нь үздэг байсан юм. Зургууд нь маш сонирхолтой шүү дээ. Тэгээд
уншиж чаддаг болоод уншиж эхлэхээр бүр ч их сонирхолтой бүр дурлаад уншаад л
баймаар. Миний мэдэхгүй маш олон юм байдаг. Бид дэлхий дээр амьдардаг, гэсэн
мөртөө би дэлхий ертөнцийн талаар мэддэггүй байсан. Тэгээд энэ номоос гаригууд,
сансар дэлхийн талаар мэддэг болсон. Хамгийн их сонирхлыг минь татсан нь
ангараг гариг байсан.
-Яагаад ангараг
гариг гэж?
-Ангараг гариг
агаар мандал байхгүй учраас хүн амьдарч болохгүй. Сонирхолтой байгаа биз дээ. Ангараг
гаригийн уул нь их сонин байдаг. Бас далай ван гариг нь нарны аймгийн найм дахь
гариг, далай байдаг. Бас далай ван гариг нь нарнаас хамгийн хол байрладаг учраас маш хүйтэн байдаг тухай уншиж мэдсэн. Далай ван гариг
далай байдгаараа бусад гаригуудаас ялгаатай, бас сонирхолтой байсан. Дэлхий бөөрөнхий хэлбэртэй, нарыг тойрч
эргэдэг гэдгийг би энэ номоос мэдэж авсан. Бас дэлхийгээс од жижигхэн
харагддаг мөртөө одод бол нартай
адил бөгөөд маш алс хол
оршдог. Нарыг тойрон
гарагууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг, гээд олон юм
мэдэж авсан.
-Танин мэдэхүйн цувралуудыг ихэнхийг нь уншсан гэж номын
санчаас сонссон. Өөр ямар ном уншсан бэ?
-“Танин мэдэхүйн нэвтэрхий толь”-ийн амьтдын ертөнц, хүний
биеийн тухай цуврал номуудыг уншсан. Бас л сонирхолтой ном шүү. Ялангуяа хүн
бичихдээ болон зурахдаа гарын алганы хөдөлгөөн хэрхэн яаж ямар дарааллаар
хөдөлдөг тухай унших нь сонирхол татаж байсан.
-Чиний уншсан эдгээр цувралууд их зузаан юм. Нэг номыг хэр
хугацаанд уншиж дуусгасан бэ?
-Анхны танин мэдэхүйн нэвтэрхий толийг хоёр сар уншсан.
Сүүлдээ сайн уншиж чаддаг болоод нэг сар л уншдаг болсон.
Нэгдүгээр ангид ороод бичиг үсэг мэдээд уншиж сурах хамгийн
гоё байсан шүү. Тэгээд унших юм сан гэж бодож байсан дуртай танин мэдэхүйн
номуудаа уншиж эхлээд ангидаа хамгийн сайн уншдаг болсон.
-Хөөх тэгвэл чи минутад хэдэн үг уншдаг вэ?
-Хэлмээргүй байна аа /Инээв/. Гэхдээ ангидаа маш сайн уншдаг
л байх. Одоо би хүссэн номоо уншиж чаддаг болсон. Тэр л хамгийн гоё байна. Амьтдын
ертөнц бас их сонирхолтой шүү. Мэддэггүй олон амьтдын тухай “Танин мэдэхүйн нэвтэрхий
толь”-ийн амьтдын ертөнц номыг уншиж дуусаад мэдэж авсан.
-Одоо ямар ном уншиж байна?
-“Манай дэлхий” цувралын Ази тив нэгдүгээр хэсгийг уншиж
байгаа. Энэ номынхоо 36-р хуудсыг нь яг уншиж байна. Монгол улсынхаа тухай
уншиж байна. Монгол улсынхаа анхны олимпын аварга, бас төрийн далбааны тухай
мэдэж авч байна.
-Улс орнуудаас хамгийн сонирхолтой улс нь ямар улс байна вэ?
-Бүх улс сонирхолтой байсан. Бас өөр өөрийн гэсэн онцлогтой,
түүхтэй юм билээ. Хятад улс маш их сонирхол татсан. Ялангуяа цагаан хэрэм нь.
Том болоод заавал очиж үзнэ ээ цагаан хэрмийг.
-Цагаан хэрмийн юу нь сонирхолтой байв?
-Цагаан хэрмийг
монголчуудын дайралтаас хамгаалж
барьсан нь сонин. Манай монголчууд дээр үед баатарлаг, бас дайн тулаанд сайн байсан юм билээ. Маш их олон жил энэ хэрмийг барьсан байсан. Дэлхийн олон
орноос маш олон хүн энэ хэрмийг үзэх гэж зорьж очдог юм билээ.
-Ингэхэд миний дүү танин мэдэхүйн ном л унших дуртай юу?
Үлгэрийн ном уншдаг уу?
-Хамгийн сонирхолтой нь танин мэдэхүйн, түүхийн тухай ном
байдаг. Гэхдээ заримдаа үлгэр унших дуртай. Богинохон үлгэрүүдийг уншдаг. Мөн
дэлхийн улс орнуудын далбаа, бэлгэ тэмдгүүд их сонирхолтой санагддаг. Би дэлхийн
улс орнуудын далбааг хаанаас ч таньж хэлж чадна.
-Ёстой бахархам юм аа. Ном уншихын хамгийн сайхан нь юу юм бол?
Найзууддаа юу гэж хэлмээр байна вэ?
-Ном уншихаар нэг мэдэхэд цаг өнгөрчихдөг. Би утас бараг
үздэггүй, заримдаа л сонирхолтой байдаг. Өдөр хичээлээ тараад, даалгавраа гялс
хийчхээд л уншиж байсан номоо унших юм сан гээд их яардаг. Тэгээд л номоо
уншдаг. Ном л хамгийн сонирхолтой шүү дээ. Бас найзуудтайгаа тоглодог.
Найзуудаа гоё үлгэрийн ном уншиж сураарай. Бас танин
мэдэхүйн номууд хамгийн гоё шүү. Номоос мэддэггүй байсан олон зүйлээ мэдэж авч,
бас төсөөлж бодох гоё шүү гэж хэлмээр байна.
-Баярлалаа.
Улиастай сумын Дэвшил сургуулийн 2б ангийн сурагч Рэнцэндоржийн Цэрэнтулга
аймгийн Төв номын сангийн байнгын уншигч
Улиастай сумын Дэвшил сургуулийн 2б ангийн сурагч Рэнцэндоржийн Цэрэнтулга
"Танин мэдэхүйн нэвтэрхий толь"-ийн гурван ботийг уншиж дуусгажээ