ОРХОН: "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-21 08:48:48

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн ерөнхий боловсролын 6-9 дүгээр ангийн 8300 сурагч "Өдөр бүр сүү" хөтөлбөрт хамрагдаж эхэллээ.


Өдөрт 180-200 мг сүү уух нь бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, кальцийн дутагдлыг нөхнө гэж үздэг. Тиймээс 2025 оны хичээлийн жилд 6-9 дүгээр ангийн сурагчдад өдөр бүр нэмэлт бодисгүй, цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг олгохоор 793 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн.


Сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч “Сүү” ХХК, "Тэргүүн заяа" ХХК, “Баяжуулагч одод” ХХК 180 гр сүүг 1000 төгрөгөөр нийлүүлэх санал ирүүлсэн гэж аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт мэдээллээ.


Сурагчдын амралт дуусаж, хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын 17 сургуулийн гал тогоонд урсгал засвар ариутгал, цэвэрлэгээг хийсэн байна.


Мөн долоо хоногийн түүхий эд, бараа бүтээгдэхүүний татан авалт хийжээ. Хүүхдийн хоолны зардал 1000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан цэс төлөвлөлтийг 2500 төгрөгөөр тооцон гаргасан байна.


Холбоотой мэдээ