УВС: Сонгино сум орох 20 км авто зам элэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-21 14:51:46

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өндөрхангай сумын Үзүүрийн булагаас Завхан аймгийн Сонгино сум хүртэлх хатуу хучилттай авто замын Сонгино сум орох хэсгийн 20 км орчим зам элэгдэж, автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.


Үзүүрийн булаг-Завхан аймгийн Сонгино сум хүртэлх 135 км авто замыг улсын төсвийн 264 тэрбум төгрөгөөр 2015-2020 онд барьсан юм. Энэ замын концесс эзэмшигч нь М-ойл групп, Хос мөнгөн зам ХХК бөгөөд гүйцэтгэгч нь урд хөршийн Шин-жан-шин-фа компани байна. Уг нь 135 км замыг боломжийн түвшинд сайн тавьсан гэдэг ч сүүлийн 20 км дээрээ ийнхүү халтуурдсан нь харамсалтай юм.


Ашиглалтад ороод удаагүй байгаа шинэ замд ийнхүү эвдрэл гэмтэл гарсанд холбогдох яам тамгын газар, Увс, Завхан аймгийн удирдлагууд анхааралдаа авч, яаралтай засварлах шаардлагатай байна.


Наранбулаг-Үзүүрийн булаг чиглэлийн 90 км, Үзүүрийн булаг-Сонгино сум чиглэлийн 135 км, Сонгино-Тосонцэнгэл чиглэлийн 168 км автозамыг 2012-2020 оны хооронд барьж дуусгасан бөгөөд ингэснээр Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон юм.

Холбоотой мэдээ