“Харбин-2025” Азийн өвлийн наадмын бамбарын буухиа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хятадын Харбин хотод ирэх сарын 7-нд Азийн өвлийн IX наадам хөшгөө нээнэ.
Тус наадмын бамбарыг асааж, буухиалах ёслол болсон бөгөөд энэ үеэр дэлхий даяар интернэт хэрэглэгчдийг наадмын галт бамбарыг цахимаар буухиалахыг урьжээ. Олон нийтийн сүлжээ платформуудаар дамжуулан хэрэглэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим бамбарын буухианд оролцож энэхүү спорт, соёлын үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаа юм. “Хүйтэн цаг уур ба Халуун сэтгэл-Насан туршийн дурсамжаа бүтээцгээе” сэдвийн дор өрнөж буй энэхүү цахим бамбарын буухианы веб хуудсыг баярын уур амьсгал оруулахын тулд болор хөх өнгөөр чимж, голт бор, салютны элементүүдийг тусгаж өгчээ.
Наадмын албан ёсны сахиус “Бинбин” “Нини” нарын хөдөлгөөн нь веб хуудсыг илүү хөгжилтэй болгож байгаа аж. Түүнчлэн цахимаар бамбар өртөөлөгчийн сертификатын загвар нь Сүн Хуа голын мөснөөс санаа авсан бөгөөд цас мөсний соёл, спортын сэтгэл татам байдлыг харуулжээ. Үүнд оролцох нь дэлхийн өнцөг бүрийн интернэт хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд Вичат дээрх “Харбин 2025 Азийн өвлийн IX наадам” албан ёсны хуудсаар зочлон “Дижитал Бамбар” товч дээр дарах, “Онлайн Бамбар Буухиа” гэсэн түлхүүр үгсээр хайлт хийн нэвтэрч Азийн өвлийн наадмын цахимаар бамбар өртөөлөгч болох боломжтой. Бамбар өртөөлөгч бүрд гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний дугаарыг үндэслэн санамсаргүй байдлаар Өвлийн наадмын мерчиндайзын эзэн болно.
Ташрамд дурдахад,
Харбин хот 29 жилийн дараа Азийн өвлийн наадмыг дахин зохион байгуулж буй юм. “Ногоон, хүртээмжтэй, нээлттэй, цэвэр” гэсэн зарчмыг баримтлан Харбин хот дэлхийн өнцөг булан бүрээс
өвлийн спортод дуртай хүн бүхнийг урин дуудаж байна.