ЗАВХАН: Хөрөнгөний талх бол амьд хүнс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-04 17:05:15

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хүн амынхаа гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний 70 хувийг аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хангаж байна.


Тус аймаг үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг дэмжиж тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, чанартай эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэх зорилго юм.


Сүүлийн хоёр жилд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, дотоодын хэрэгцээний хувь өссөн. Аймгийн хэмжээнд манай хүнс үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар чармайн ажиллаж байна. Аймгийн хүн амын талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр талх нарийн боов үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Өнгөрсөн оны сүүлээр аймгийн хэрэглэгчид орон нутагтаа үйлдвэрлэсэн хөрөнгөний талхыг хэрэглэж эхэлсэн. Энэхүү талхыг үйлдвэрлэж буй “Хэрлэн Жинст” талхны цехийн ажилтан Б.Ураннавчтай уулзаж ярилцлаа.


-Завхан аймагт хөрөнгөний талх үйлдвэрлэж эхэлсэн. Аймагт худалдаж байгаа талхнуудаас юугаараа онцлогтой вэ?

-Бид Завхан аймгийн иргэд биш. Хэнтий аймгаас Улиастайд суурьшиж өнгөрсөн оны 11 дүгээр сараас хөрөнгөний талх үйлдвэрлэж эхэлсэн. Яагаад хөрөнгөний талх үйлдвэрлэх болсон түүхээсээ эхлээд яримаар байна. Өнгөрсөн зун бид гэр бүлээрээ аавынхаа нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 100 жилийн ойд оролцчихоод Улиастайгаар дайрч аялсан юм. Нэлээд орой Улиастай руу орж ирээд хооллох газар хайсан.


Настай аав, ээж минь том ресторанд орохоос татгалзаад орой болсон болохоор жаахан идэх юм аваад цайлах санаатай дэлгүүрүүдээр ороод талх, нарийн боов олоогүй. Тэр үед аялал жуулчлалын улирал байсан болохоор бидний орсон дэлгүүрүүдийн талх, нарийн боов нь дууссан байсан л даа. Ингээд нэг талх олж аваад зүсэх гэсэн ер болдоггүй үйрч унаад, бас нэлээд хөөнгө, сэвсийсэн амт муутай байсан.


Ээж маань тэтгэвэртээ гараад нутагтаа хөрөнгөний талх барьж чамгүй хугацааг өнгөрүүлсэн болохоор талхыг нь шууд л голсон. Бид багаасаа л үе дамжсан хөрөнгөний талхаа барьж идэж сурсан хүмүүс болохоор үнэхээр үйлдвэрийн талхыг нь голсон. Энэ газарт хөрөнгөний талхныхаа амтыг нь мэдрүүлж, нутагшуулах сан гэж. Тэгээд энэ аймагт талх, нарийн боов л хэрэгтэй газар байна даа гэж хэлж байв. Маргааш нь хэд хэдэн газраар орж талх нарийн боов, үйлдвэрлэлийг нь судалсан, тэгээд буцсан.

Бид нутагтаа очоод, буцаж Улиастай руу ирж хөрөнгөний талх үйлдвэрлэж хэрэглэгчдэд амсуулах сан. Ер нь газар нутаг нь сайхан, хүмүүс нь найрсаг, хилийн дээс алхаж байгаа биш дээ. Шинэ газар шинэ бизнес эхлүүлж үзье, үзээд алдъя гэж бодоод ээжтэйгээ зөвлөлдөөд буцаж ирсэн юм.


-Зоригтой, зорилготой шийдвэр гаргажээ. Нутагтаа өөрийн гэсэн ажил төрөлтэй байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Би нутагтаа нэгдсэн эмнэлгийн нярав хийж байсан. Гэр бүлийн хүн маань хөнгөн блокийн үйлдвэр эрхэлдэг байсан. Блокийн үйлдвэр улирлын чанартай болохоор намар болоод хүйтрээд ирэхээр зогсчихдог юм. Тэгээд л Улиастай руу ирэхээр зориглосон хэрэг. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлээр Улиастайд ирээд, орон нутагтайгаа танилцаад, судалгаа хийсэн. Нэг ч хүн танихгүй ч гэлээ хүмүүстэй танилцсан, өөрсдийнхөө зорилгыг хэлж амьдрах байр, үйлдвэрлэлээ эрхлэх байр гээд хайж эхэлсэн.

Анх Улиастайг харахад маш их таалагдсан. Гэхдээ одоо өөрсдөө амьдраад ажиллаад ирэхээр аймаг бүр өөр өөрийн онцлогтой юм билээ. Жишээ нь манай Хэнтий аймагт нар өглөө эрт манддаг болохоор тэр үү, бид 6.00 цагаас босоод ажлаа эхэлдэг. Харин Улиастайд 8.00 цагаас л хүмүүс нь босож, үйлчилгээний газрууд нь 9.00 цагаас хойш ажиллаж эхлээд орой маш эрт хаачихдаг юм билээ.

 

-Шинэ газар, шинэ үйлдвэрлэл эхлэх бэрхшээлтэй байв уу?

-Харин ч бэрхшээлгүй байсан шүү. Мэдээж эхлээд судалгаа хийсэн, манай аймаг талх, гурилан бүтээгдэхүүний цехүүд их бий. Гэхдээ амт чанар асуудалтай гэдгийг хэрэглэгчид ч мөн дэлгүүр, супермаркетуудын түншүүд ч хэлж байсан. Нэлээд судалгаа хийж байж өөр амт, чанарыг хэрэглэгчдэд хүргэе гэж зорьсон зорилгоо биелүүлээд эхэлсэн байна. Талхны цех ажиллуулна гээд стандарт шаардлагуудаа биелүүлж, холбогдох байгууллагуудаар орж өөрсдийгөө танилцуулж ажил их шуурхай бүтсэн. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа бидэнд маш талархалтай хандаж, ажлын байрныхаа стандарт бүх зүйлээ хуулийн дагуу, журмынх нь дагуу бэлтгэж, аймгийн ХХААГ, Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд холбогдох бичиг баримтуудыг зааж өгч зөвлөн тусалж байсан нь таалагдсан. Ингээд л бид нутгаасаа тоног төхөөрөмжөө авч ирж, талхныхаа шинжилгээг өгч, стандартаа аваад талхаа үйлдвэрлэж эхэлсэн. Ер нь бизнес эрхлэгчдийг дэмжиж зөвлөн тусалж байгаа нь таалагдсан.

 

-Үйлдвэрлэлээ эхэлчихлээ, борлуулалтаа яаж зохицуулав. Танигдаагүй талх учраас?

-Нэг тонн гурилаар тоглосон тоглосон. Тэгээд л талхаа тэврээд өглөө эрт Улиастайн бүх дэлгүүрээр орж талхаа танилцуулж амталгаа хийлгээд, аажимдаа хэрэглэгчидтэй болсон. Хөрөнгөний талх барих ажил бол хүний энерги шаардагддаг онцлогтой шүү дээ. Бид өөрсдөө маш сайхан юм бодож, сэтгэл сайхан бол талх маш сайхан амттай болдог. Хөрөнгө бол амьд юм шүү дээ. Тэгээд л ээж минь талхныхаа цех рүү орохдоо хамаг муухай бодлоо орхиод орж бай гэж зөвлөж үлгэрлэдэг юм. Бид хоёрт ээж маань маш их зөвлөгөө өгсөн.

За, талх нь борлогдохгүй байна гэж сэтгэлээр унаж муу юм бодохгүй, хамаг сайхан зүйлээ сэтгэлдээ шингээж талхаа барина шүү гэж зөвлөж байсан нь ч нөлөөлсөн байх. Талх маань маш сайхан чийглэг, амттай байсан учраас нэг их удаагүй ээ сарын дотор л манай талх танигдаж эхэлсэн. Одоо өөрийн гэсэн олон хэрэглэгчтэй болсон. Улиастайд үйлдвэрлэлээ эхлээд дөрвөн сар болж байна.


-Сонирхолтой юм бэ, хөрөнгө бол амьд гэж?

-Тэгэлгүй яах вэ. Манай “Хэрлэн” талх ээжээс маань өвлөгдөж ирсэн хөрөнгө шүү дээ. Ердөө гурил, ус хоёр л байгаа шүү дээ. Өөрөөр нь исгэж гаргаж авсан амьд хөрөнгө юм шүү дээ. Хөрөнгө бүр өөр өөрийн гэсэн онцлог амттай байдаг. Учир нь тухайн хөрөнгөөр барьсан талх эзнийхээ сэтгэл зүйтэй холбоотой гэж дахин хэлмээр байна. Бас хөрөнгөний талханд олон хольц дэмий байдаг.

Ер нь бол талх халуун зууханд болгосон гурил ус, давсны зуурмаг шүү дээ. Яагаад эрүүл вэ гэхлээр, хөрөнгө маань исэх явцдаа нян бактер хамаг юмаа устгаад, ашигтай бактери болж хувирдаг шүү дээ. Амьд буюу нойтон хөрөнгөний талх нь гурил их голдог онцлогтой. Муу гурилаар хөрөнгөний талх барьж болдоггүй юм. Манайх нутагтаа буюу Хурх тосгоныхоо “Хурх” гурилаар хийдэг. Жаахан үнэтэй л байдаг юм. Улиастай Улаанбаатараас хол учраас юмны үнэ өндөр юм. Эхлээд Хурхын гурилаар талхаа хийж байгаад, нэлээд олон гурилыг туршиж үзээд одоо "Ургац"-ын гурилаар хийж байна.

 

-Өдөртөө хэчнээн талх үйлдвэрлэж байна?

-Өдөртөө хамгийн багадаа 100 ширхэг, ихдээ 200-300 ширхгийг үйлдвэрлэж байна. Манай талх аймгийн төв, Улиастай сум болон хөдөөгийн 7 сум, Говь-Алтай аймагт борлуулж байна. Хэрэглэгч өдөр бүр нэмэгдэж байгаа нь сайхан шүү. Өдөр бүр танай талх байна уу, талх амттай байлаа гэх хэрэглэгчдийн, бас байнгын түнш дэлгүүрүүдээс урмын үг сонсох сайхан шүү. Хөрөнгө гэдэг чинь өөрөө маш чийглэг эд байхгүй юу.


Ер нь бол одоо исгэгч хийж байж л ер нь ямарваа нэг бүтээгдэхүүнд өөр хольц оруулж болно. Хөрөнгөнд болохоороо янз бүрийн хольц дэмий байдаг. Лууван ч юм уу, эсвэл зарим жимс, ногоогоор баяжуулж болно. Түүнээс биш баяжуулсан талх гээд янз бүрийн нэмэлт бодис хийж болохгүй шүү дээ.


Саяхнаас хэрэглэгчдийн хүсэлтээр бүхэл үрийн гурилтай хөрөнгөний талхыг шинээр үйлдвэрлэж эхэлсэн. Ер нь бүхэл үр нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь чихрийн хэмжээг багасган, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Мөн хүний биед хуримтлагдсан хортой бодисуудыг өөртөө шингээж гадагшлуулан, хэт таргалалтаас сэргийлж хорт хавдар болон идээт үрэвслүүдээс сэргийлдэг. Манай энэ талх нь өнгө оруулагчгүй, сахаргүй, исгэгчгүй, мөн цагаан гурил холиогүй цэвэр бүхэл үрийн гурил, гүнжидийн үр, хулуу, наранцэцгийн самар орсон эко-бүтээгдэхүүн юм.

 

-Талхаа яагаад “Хэрлэн” гэж нэрлэсэн бэ?

-Хэнтий аймгаас ирж үйлдвэрлэлээ эхлүүлсэн, мөн Хэнтий аймгийн брэнд бол яах аргагүй хөрөнгөний талх юм. Тиймээс талхаа Хэрлэн голоо бодож, хөрөнгөний гэдэг агуулгаараа “Хэрлэн” гэж нэрлэсэн. Улиастайд суурьшиж, Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулж байгаа учраас талхныхаа цехийг "Хэрлэн Жинст" гэж нэрлэсэн юм.

Хөрөнгөний талх бол эрүүл мэндийн талх. Сүүлийн үед зарим талх үйлдвэрлэгчид буцаад анхны хэлбэр лүүгээ буюу элдэв нэмэлт химийн бодисгүй эрүүл талх үйлдвэрлэж эхэлсэн нь сайшаалтай.


Одоо цагт ихэнх хэрэглэгч талх гэхээр цагаан талхаар төсөөлдөг. Гэвч талхыг маш олон төрлөөр хийж болно шүү дээ. Хэрэглэгчид ч мөн хөгжиж байна. Тэд аль болох эрүүл, химийн нэмэлтгүй, хугацаа уртасгагч, өнгө үнэр оруулагчгүй хүнсийг хэрэглэдэг болсон байна. Тиймээс эрэлт байгаа цагт хөрөнгөний “амьд” талхыг хэрэглэхийг эрмэлзэх болсон байна. Жишээлбэл, хүн өдөрт 200 гр хөрөнгөний талх хэрэглэхэд цусан дахь сахрын хэмжээ хэвийн байна. Хоолны шингэц сайжирч өтгөн хатахгүй. Их идсэн ч цээж хорсохгүй, таргалахгүй.


Исгэгчийн талх шиг амархан муудахгүй онцлогтой шүү дээ. Хүмүүс зүссэн талх авч идээд байдаг. Талхыг зүсчихээр чийгээ, амтаа алддаг. Хөрөнгөний талхыг тухайн идэх үедээ зүсээд идэх юм бол амттай, чийгшилтэй, илүү эрүүл байна шүү дээ. Талх л бол талх гэдэг буруу сэтгэлгээнээсээ салж, шим тэжээл сайтай зөв хүнсээ хэрэглэж эрүүл мэндээ тэтгэн, өдөр бүр амттай, чанартай хөрөнгөний талхыг хэрэглээгээ болгоорой гэж зөвлөдөг.

-Танд баярлалаа. 

Хөрөнгөний талх 2500 төгрөгийн үнэтэй байна

Хэрэглэгчдийн хүсэлтээр шинээр гаргаж буй бүхэл үрийн баяжуулсан хөрөнгөний талх


Баяжуулсан талхыг шарахын өмнө

Холбоотой мэдээ