УВС: "Мөнгөлөг намир-2025" мөсний баярт мянга гаруй иргэн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын Орлого багийн нутаг
дахь Хар ус нууран дээр "Мөнгөлөг намир-2025" мөсний баяр энэ
амралтын өдрөөр боллоо. Энэ удаагийн мөсний баярт мянга гаруй иргэн оролцжээ.
Энэ үеэр бүх нийтийн гимнастик, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх,
мөсний шагай харвах, монгол үндэсний хувцсаар гоёсон хос шалгаруулах зэрэг
уралдаан зохиосон байна. Өмнөговь сумынхан 2023 оноос эхлэн Хар ус
нууран дээрээ мөсний баяраа тэмдэглэж байгаа бөгөөд цаашид баруун бүсийн сумдыг
хамруулсан өвлийн эвент үйл ажиллагаа болгон өргөн цар хүрээтэйгээр явуулахаар
төлөвлөж байна.
Ташрамд, Өмнөговь сумын Орлого баг нь 340 өрхийн 1500 гаруй хүн ам, 90 гаруй мянган толгой малтай Увс аймгийн томоохон багуудын нэг юм.













