ОРХОН: Зөвлөлийн хурлаар хөтөлбөрүүдийн биелэлтийг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-05 09:55:52

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр, Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар 2024 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус тус хэлэлцлээ.


Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн биелэлт 96.3 хувьтай байна. Орхон аймгийн хэмжээнд 5000 гаруй төрийн албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг бөгөөд 2024 онд төрийн албан хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг ханган, тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх, тасралтгүй сургаж, хөгжүүлэх зорилтын хүрээнд 28 үйл ажиллагааг хэрэгжүүлж, 186 төрийн албан хаагчид урамшуулал, дэмжлэг олгож, сургалтад хамруулжээ.


Тодруулбал, нэг төрийн байгууллагад 22-33 жил тасралтгүй ажилласан 16 албан хаагчид орон сууцны дэмжлэг олгосон байна. Үүнд хүүхэд, залуучуудын театрын жүжигчин, БОЭТ-ийн үйлчлэгч, Хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч, гаалийн газрын үйлчлэгч зэрэг албан хаагчид хамрагджээ. Мөн аймаг, орон нутгийг хөгжүүлэх, салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой эрдэм шинжилгээний бүтээл туурвисан гурван албан хаагчид урамшуулал олгож, хөтөлбөрийн биелэлт 96.3 хувьтай байна.


Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2024 оны биелэлтийг хэлэлцлээ Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт, 16 үйл ажиллагааг хэрэгжүүлж, 2024 оны хөтөлбөрийн биелэлт 96.2 хувьтай байна. Тус хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран цахим, танхимын 30 удаагийн сургалтад давхардсан тоогоор багийн 360 албан хаагчийг хамруулжээ. Мөн 29 багт байгуулсан “Иргэний цахим булан”-гаар 2024 онд 7150 иргэн үйлчлүүлж E-Mongolia, E-gazar, E-halamj гэх мэт нэгдсэн системээс лавлагаа мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ илэрхийлсэн байна.


Багийн иргэдийн нийтийн хурлыг жилд 1-2 удаа хуралдуулж, багийн Засаг дарга нарын тайлан болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тухайн багт хийсэн бүтээн байгуулалтын ажлын тайланг тавьж, цаашид хийх ажлын санал, ажлын төлөвлөгөөг батлуулж байгаа юм. Багийн албан хаагчидтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон хөдөлмөрийн гэрээг дүгнэхдээ тухайн албан хаагчийн иргэдэд үзүүлсэн үйлчилгээний хүртээмж, чанар, ёс зүй, сахилга хариуцлагыг дүгнэж, ажлын үр дүнгээр орон нутгийн шагналаар дөрвөн жилийн хугацаанд 70 гаруй албан хаагчийг шагнаж, ажлын сахилга бат, харилцааны зөрчил дутагдал, ёс зүйн алдаа гаргахгүй ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгчээ. Баян-Өндөр сумын багийн 6 албан хаагч ажлын хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил гаргасан тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.


Зөвлөлийн гишүүд гүйцэтгэл хангалтгүй ажлын биелэлтийг хангахад анхаарах, Багийн иргэдийн нийтийн хурлыг тогтмолжуулж, аймаг, сумын төлөөлөгчдийг иргэдэд ажлаа тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг сонсох боломжоор хангах талаар саналаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ