ЗАВХАН: Монгол бичгийн ур чадвараа сайжруулахын тулд өдөр бүр холбоо үг уншиж, бичих дасгал хийдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны хоёрдугаар сарын 5
/МОНЦАМЭ/. Завхан аймаг статистикийн
мэдээллийг хос бичгээр хөтөлж олон нийтэд хүргэж байна.
Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэлсэн.
Монгол хэлний
тухай хуульд:
"7.2.Энэ
хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж,
зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах
байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.
24.2.Энэ хуулийн
7.2 дахь хэсгийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө"
хэмээн тус тус заасан.
Завхан аймгийн Статистикийн хэлтэс хуулийн хэрэгжилтийг хангаж цахим хуудсаа хос бичгээр хөтөлдөг болжээ. Энэ талаар Завхан аймгийн Статитикийн хэлтсийн Худалдаа, Зочид буудалд, Зоогийн газар, Хэрэглээний үнэ хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаагаас тодруулав.
-Байгууллагынхаа цахим хуудсыг хос бичгээр хөтөлж эхэлжээ. Бэрхшээлтэй зүйл байна
уу?
-Манайх албан хэрэг хөтлөлтөө хос бичгээр явуулж эхэлсэн. Бэрхшээлтэй зүйл байхгүй байна. Учир нь энэ онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг эртнээс хангаж, алба хаагчдаа сургалтад хамруулсан. Монгол бичгийн толь сурах бичиг элбэг байна. Тиймээс ихэнх алба хаагч бие дааж сурсан. Мөн зарим алба хаагч дунд сургуульд байхдаа монгол бичгээ сурч судалсан байсан.
Түүнийгээ сэргээж богино хугацааны сургалтуудад хамрагдсан нь ч бий. Үндэсний статистикийн хорооноос явуулсан нэг, хоёр, гуравдугаар түвшний сургалтуудад цахимаар болон танхимаар ихэнх алба хаагч хамрагдаж суралцсан. Өнөөдөр хос бичгээр албан тоотоо гаргаж албан хэргийг явуулж байна.
Манай хэлтсийн алба хаагчид монгол бичгийн ур чадвараа сайжруулахын тулд өдөр бүр монгол бичгээр холбоо үг уншиж бичих дасгал хийдэг.
Өнөөдрийн байдлаар ажилтнууд маань төрийн албан хэргээ хос
бичгээрээ хөтлөх чадвартай болсон.
-Цахим хуудастаа
байнга байршуулдаг статистик мэдээллүүдээ хос бичгээр хөтөлжээ?
-Тийм ээ. Долоо хоногийн
үнийн мэдээлэл болон бусад статистик мэдээллүүд, инфографикийг ч хос
бичгээр хөтөлж байна. Инфографикийн мэдээллийг монгол бичгээр бичихэд багагүй
төвөгтэй байдаг. Гэхдээ дахин нягталж, мэргэжлийн зарим хүн болон толь бичиг
ашиглаад бичихэд төвөггүй ээ. Цаашид
статистикийн хэлтсээс эрхлэн гаргадаг жижиг товхимлууд, олон нийтэд
танилцуулах улирлын, сарын мэдээ бүхий слайд мэдээллүүдийг ч мөн адил хос
бичгээр хэвлэх юм.
-Бусад төрийн байгууллагуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тухайн байгууллага албан хэрэг хөтлөлт болон олон нийтэд зориулан гаргаж байгаа мэдээллүүдээ хөтлөхдөө үг, үсгийн алдаа гаргах вий. Ялангуяа монгол бичгээр бичихдээ алдаагаа сайн нягтлахыг зөвлөж байна. Монгол бичгээр цахимд бичихэд жижиг сажиг асуудал зарим хүмүүст гардаг юм шиг байна. Монгол бичгээр компьютерт бичиж болохгүй биз дээ? Тэгвэл тэр фонт, гар нь хаана байна, энэ үгийг яаж бичих вэ, энэ үсэг хаана байна, монгол бичгийг яаж хурдан, амархан сурах вэ гэх мэт асуултыг хүмүүс асуудаг.
Одоо монгол
бичгээр цахимд бичихэд харьцангуй боломжтой болсон шүү дээ. Бүх зүйл нь танд,
таны компьютерт бэлэн байгаа. Компьютертоо хэл, фонт зэргээ нэмээд, сонгоод л
болоо. Та өөрөө л багахан цаг гаргачихвал амархан бичээд сурчихна. Дээрээс нь монгол бичгээ
сэргээгээд, сураад, сайжруулаад явчих нь зөв шүү. Мэдээж эхлээд асуудал гарах нь тодорхой ч энэ тийм ч
хүнд асуудал биш. Хялбарчлах
хэд хэдэн арга байна.
Нэгдүгээрт хөрвүүлэгч
сайтуудыг ашиглаж болно. Гэхдээ үгийн утга, кирилл бичгийн дүрэм болон кодоос
хамаарсан зарим нэг алдаа гардаг тул дахин сайн нягтлах хэрэгтэй шүү гэж
хэлмээр байна. Мөн толь бичиг сайн ашиглахыг зөвлөж байна. Түүнчлэн гар утсанд зориулсан өөр олон апп байгаа. Та
үсгээ, дүрмээ маш сайн мэддэг байхад л олон удаагийн оролдлогоор монгол бичгээ
сэргээгээд өдөр тутамдаа ашиглахад хялбар болно гэж хэлмээр байна.
-Та монгол бичгийг яаж сурсан бэ?
-Миний хувьд дунд сургуулийн нэгдүгээр ангиасаа тавдугаар
анги хүртлээ монгол бичгээ заалгасан. Түүнээс хойш өдөр тутамдаа
хэрэглэхгүй байсан болохоор бага сага зүйлээ мартсан байсан. Харин монгол
хэлний тухай хуультай холбоотойгоор хэд хэдэн сургалтад суугаад монгол бичгээ
дахин сэргээж сурсан. Суурь байсан учраас маш амархан сэргээсэн. Төрийн албан
хаагчид бид хамгийн гол нь дүрэм, үсгээ маш сайн мэддэг, алдаагүй зөв, цэвэр
бичих нь чухал байна.
-Баярлалаа чухал зөвлөгөө өгсөнд, таны мэргэжилтэй холбоотой
асуултыг асуумаар байна. Статистикийн мэдээлэл нийгэмд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Статистикийн
мэдээлэл бол хамгийн чухал хэрэгцээтэй мэдээлэл шүү дээ. Статистик нь
малын тоо, хүн амын тооноос гадна бүх салбарын тоон мэдээллийг гаргадаг. Мөн хэрэглээний үнийн судалгааг авч аймгийн
үнийн индекс гэж маш чухал тоо мэдээллийг гаргаж байна. Энэ тоон мэдээллээр цалин тэтгэвэр болон цаашлаад
аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг тооцоолон гаргадаг. Тиймээс
статистик нь нийгэм эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь юм.
-Танд баярлалаа.
Статистикийн хэлтсийн цахим хуудас