“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023,
2024 онд Стэнфордын их сургууль, "Илүү сайхан ирээдүйн төлөө Бан Ги Мүн сан"-тай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын
яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ уулзалтыг зохион
байгуулахад “Оюутолгой” ХХК хамтран ажилласанд талархал илэрхийлээд,
тавдугаар сард Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн
хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг зохион байгуулах талаараа танилцуулсан юм.
Тэрбээр, энэ
жилийн Тогтвортой байдлын чуулга уулзалт Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын
бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх
зорилготой. Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль
орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази
болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон
санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа
хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүссэн юм.
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлд, НҮБ-аас
баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ
чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулахад тууштай манлайлан оролцож
байгаад талархаж байна. Энэ жилийн уулзалтын агуулга, ач холбогдлыг сайшаахын
сацуу дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй
тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд гурав
дахь удаагаа зохион байгуулах
энэхүү хэлэлцээнд хамтран ажиллахдаа таатай байх болно гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.