Д.Болормаа: Математикийн ном бичихэд анхаарал, хариуцлага их шаарддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-07 15:32:33

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 20 гаруй жилийн хөдөлмөрийнхөө арвин туршлага, үзэж цуглуулсан зүйлс, нас насны хүүхдийн сэтгэхүй, онцлогт тохируулан математикийн хичээлийн сургалтын гарын авлага бичиж, түүнийгээ хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаа багш Д.Болормааг нутагтаа ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

 

-Таныг нийслэл хотод ажиллаж, амьдарч байгаа гэж сонссон. Нутагтаа амарч явна уу?

-Тийм ээ. Би Сэлэнгэ аймгийн уугуул. Одоогоор Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Мөнхийн чадвар” сургалтын төвийг ажиллуулж байна. Агаарт гарангаа нутагтаа хэд хоног амраад явж байна.

 

-Сургалтын төвийнхөө талаар танилцуулна уу?

-Манай сургалтын төвд суурь хоцрогдолтой болон сэдвээ түрүүлж үзэх сонирхолтой хүүхдүүд хамрагддаг. Одоогоор 2 ээлжээр 34 хүүхэд хичээллэж байна. Мөн бямба, ням гарагт бас элсэлт авч хичээллэдэг.

 

-Өөрийн тань зохиосон математикийн сурах бичгийг нэлээд аятайхан болсон гэж хүмүүс үнэлэх юм билээ. Яагаад энэ сурах бичгийг бичиж хэвлүүлэх болов?

-Хүүхдүүдтэй ажиллах явцад ном сурах бичиг хэдий хангалттай ч бодлого нь огцом өөрчлөгдсөн. Мөн хөнгөнөөс хүнд рүү шилжээгүй мэт санагддаг зүйл тулгардаг. Тиймээс багш өөрөө нэмэлтээр тараах материал, жижиг гарын авлага бэлдэж, шавь нартаа хэрэглүүлдэг байсан. Үүнийгээ эмхэтгэж боловсруулаад математикийн сургалтын материал 6, 7, 8, 9 гэсэн цуврал 4 ном гаргасан.

 

-Номынхаа агуулга болоод хэрэглээний талаар тодруулна уу?

-Би 20-иод жил математикийн багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд цуглуулж, зохиож практикт хэрэглэсэн материалаа оруулсан. Номын бодлогын сан ч арвин болсон.

 

Номууд үндсэн сурах бичгийн сэдвийн дагуу бичсэн, мөн ардаа хувилбар бодлогуудтай, хариутай байгаа нь багш, сурагчдын сэтгэлд хүрсэн болов уу гэж бодож байна. 

 

-Ном ерөнхийдөө тухайн жилд үзэх агуулгаар уу, эсвэл анги дэвших, төгсөх шалгалтуудаар мөн баяжсан уу?

-9 дүгээр анги төгсөх анги учир бүх сэдвийн дагуу нэмэлт тест болон улсын шалгалтын жиших даалгавар хийснээрээ бусад номоос ялгагдах онцлогтой.

 

Хүүхэд гэртээ бие даан бодох явцад ардаа хариутай ном тун их хэрэг болдог. Номын ард хувилбар байгаа нь багш нарт сэдвийн шалгалт бэлтгэхэд ажлыг нь хөнгөвчлөхөд тустай байдаг.  

 

-Ном бичихэд тэр дундаа тооны том бичих өөрөө нэлээд онцлогтой байдаг болов уу?

-Математикийн ном бичихэд их анхаарал хариуцлага шаарддаг. Нэг л тэмдэг алдаж зохиоход тэр бодлого тэр чигтээ буруу болдог. Номын редакторууд маань ч сайн багш нар тул ном зохиох ажил маань саадгүй сайхан байлаа.

 

-Номын редакторуудаа танилцуулахгүй юу?

-Номын Ерөнхий редактороор математикийн ухааны доктор Д.Батнасан, редактор Нийслэлийн 69 дүгээр сургуулийн математикийн багш, тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй, магистр багш Д.Түмэн-Өлзий, мөн “Номин гялбаа” сургуулийн захирал, тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй, магистр багш Б.Алдармаа нар хамтран ажилласан.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ