ГОВЬ-АЛТАЙ: Шинэ уншигчийн баярт 200 гаруй хүүхэд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-02-06 19:09:35

Есөнбулаг, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сангаас “Шинэ уншигчийн баяр” зохион байгуулав. 


Хоёрдугаар сарын 6-нд болсон баярт 200 гаруй бага дунд, ахлах ангийн төлөөлөл оролцсон юм. Тэд “Жангар” нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, шинэ уншигчийн карт нээлгэн, номын шидэт ертөнцөөр аялж оюундаа хөрөнгө оруулалт хийжээ. 


Нийтийн номын сангийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, шинэ уншигчийг нэмэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ном уншихын ач холбогдол, давуу талыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа хэмээн “Жангар” нийтийн номын сангаас мэдээлэв. 


Уг номын сан нь анх 1944 онд нэг орон тоо, 200 номтойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн бол өдгөө 20 гаруй хүний орон тоо, 1800 байнгын уншигч бүртгэж, 20 мянган хүнд 40 мянган номоор үйлчилж байна. Сан хөмрөг бүхий үндсэн фонддоо дотоод, гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, үлгэр тууль, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, цахим сонсдог, тусгай хэрэгцээний ном товхимол, өдөр тутмын сонин сэтгүүлийг ашиглаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ