ХӨВСГӨЛ: Эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулж, цалин урамшууллыг нэмэгдүүлэх шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлэгт эмчлүүлэгсдийг Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлдэг байна.
Мөн иргэдийн дундах шүдний өвчлөл 60 хувь, хавдраар өвчлөгсдийн 78 хувь нь хожуу оношлогдож, улирлаас хамаарсан осол гэмтэл бусад аймагтай харьцуулахад өндөр байна.
Тиймээс “Орон нутагтаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургалтад идэвхтэй хамруулах, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийг ашиглан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ цалин урамшууллыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах нэн шаардлагатай байна” гэдгийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлөө.
Тус аймагт өнгөрсөн онд 14 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд тусгасан. Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 1 автомашин, 10 суманд туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашиныг хуваарилж, эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт саадгүй үзүүлэх боломжоор хангасан байна.
Харин энэ онд багтаан 4 сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн
автомашиныг шинэчлэх, Нэгдсэн
эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн аппаратыг 2 дугаар улиралд
багтаан олгохоор боллоо.