О.Алтангэрэл: Зориуд мэдээлэл тараасан иргэн, албан тушаалтныг илрүүлэхээр ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Угаартаж амиа алдсан зургаан хүн болон мэдээлэл хийсэн хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд 2025 оны нэгдүгээр сарын 23-нд эрдэнэт зургаан хүний амь хохирсонд эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр ярихдаа, “Энэхүү хэрэг явдлын хохирогч болсон О.Одбаяр албаа үлгэр жишээ хааж, хамт олондоо бахархал болсон байлдагч юм. Хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага АТГ-тай хамтран мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ “Тавантолгой түлш” компанитай холбоотой үе үеийн дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, байгуулсан гэрээнүүд болон 29 нэр төрлийн бодисыг мэргэжлийн байгууллага шалгаж байна. Эдгээр албан тушаалтанд, барьцалдуулагчтай холбоотойгоор хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн дээрх хохирогчид биш угаартаж амиа алдсан иргэдийн талаар ч авч хэлэлцэнэ.
Өчигдөр иргэдийн хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн илтгэх хуудас хэлбэрээр бичсэн мэдээллийг 21:00 цагийн орчимд цацсан. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн 11-р зүйлээр хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм. Хэрэв хувь хүний нууцыг задруулсан бол тав хүртэлх жилээр хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй байдаг. Мэдээллийг албан шугамаар олж аваад цацсан бол гэмт хэрэг. Энэ бол зөвхөн нэг алба хаагчийн алдаа биш, цаашлаад ЦЕГ-ын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно. Өчигдөр шөнө яаралтайгаар ажлын хэсэг байгуулсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим зүйл нь ташаа мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл, зарим мэдээлэл нь цагдаад огт байхгүй. Гэтэл цагдаад хадгалж байгаа, бүртгэлтэй мэдээлэл ч бий. Тэгэхээр зориудаар ташаа мэдээлэл түгээжээ. Үүнийг хэн хийснийг цагдаагийн байгууллага илрүүлэхээр ажиллаж байна.
Мэдээлэл хийсэн байлдагчид олон нийт санаа зовж байгаа. Хуулийн байгууллагаас түүнийг хамгаална, түүний эрхэд халдсан үйл ажиллагаа явуулахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хохирогчдоор гарын үсэг зуруулдаг. Энэ бол хуулийн зохицуулалт. Харин мөрдөн шалгах ажиллагаанд холбоогүй мэдээллийг хохирогч ярих боломжгүй болгосон байвал хууль зөрчсөн үйлдэл болно. Мэдээлэл хийсэн хүүг Цагдаагийн байгууллага хамгаална. Зохих тусламж дэмжлэг үзүүлнэ.
О.Одбаярын ээж талийгаач архины хамааралгүй байсан. Байлдагч өөрөө сахилгын зөрчилгүй, хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж байсан. Хохирогчийн хүү цэрэгт алба хааж байсан учир хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй байсан. Одоо албан ёсоор хохирогчийн үүднээс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүүгийн хувьд хариуцлагатай алба хаагч байсан. Хил дээр алба хааж байсан учир Улаанбаатарт ирсэн хойно нь хэргийн талаар мэдээлсэн” гэдгийг хэллээ.