Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-02-07 17:42:02

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар хотын музей” Монгол арт галерей хамтран “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” сэдэвт үзэсгэлэн “Монгол арт” галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Одоогоос 113 жилийн өмнө өвлийн сүүл сарын 20-ны өдөр буюу аргын тооллын 2 дугаар сарын 7-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Монгол Улсын нийслэл хот болгон өргөмжилж байжээ.

 

Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадаад дотоодын музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг анх удаа ийнхүү нэгтгэн дэлгэж буйгаараа онцлогтой.

 

Үзэсгэлэнгийн гол зорилго нь ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрсэлсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулахад оршиж байна.

 

Эл үзэсгэлэн Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, Богдын хүрээ хотыг харуулсан гэрэл зураг, Видео танхимд үзүүлэх баримтат нэвтрүүлэг гэсэн үндсэн гурван хэсгээс бүрджээ. Мөн 1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх монгол зургийг анх удаа эх хувиар олон нийтэд долоо хоногийн хугацаатай дэлгэн үзүүлэх юм.

 

Мөн Их хүрээг дүрслэн харуулсан энэхүү баялаг өгүүлэмжтэй, гайхамшигтай монгол зургийг дахин шинээр амилуулсан хуулбар зургийг Монгол арт галерейн зураач Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийжээ.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш, “Зүүн хүрээ” Дашчойлин хийдийн дэд хамба Жонан ханчин гэгээн гавж Гүнсэнчойжидагва, НСУГ-ын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Жанцансамбуу, Монгол арт галерейн удирдлагууд, МУУГЗ, Ардын зураач Ү.Дунбүрээ, МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач П.Цэгмэд, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, “Улаанбаатар хотын музейн” захирал П.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс, уран бүтээлчид оролцлоо.

 

ХVIII-XX зууны үеийн “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэн 3 дугаар сарын 1-нийг хүртэл үзэгч олонд нээлттэй ажиллана.








Холбоотой мэдээ