"Америкийн дуу хоолой"-г хаахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-10 10:50:48

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) тэргүүлж буй Илон Маск Чөлөөт Европ радио/Эрх чөлөө радио болон Америкийн дуу хоолой радиог хаахыг уриалжээ. 


"Тийм ээ, тэдгээрийг хаах хэрэгтэй. Одоо тэднийг хэн ч сонсохгүй. Тэд бол зүгээр л өөрсөдтэйгөө ярьдаг зүүний радикал галзуучууд, тэд Америкийн татвар төлөгчдийн халааснаас жил бүр тэрбум доллар шатааж байна” гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна.


Цагаан ордны тэргүүн Дональд Трампын байгуулсан DOGE байгууллагыг удирдаж буй И.Маск нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөс хойших гурван долоо хоногийн хугацаанд холбооны агентлагуудын ажилд оролцсоор байгаа боловч өөрийнх нь үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтаас зайлсхийсээр байна гэж AP агентлаг мэдээлжээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахгүй байгаагаас гадна Конгрессын нэг ч сонсголд оролцоогүй  юм.


И.Маск хууль тогтоогчдоор хэлэлцүүлэн батлуулахгүйгээр DOGE-г удирдах албан тушаалд Д.Трампын зарлигаар шууд томилогдсон юм.




Холбоотой мэдээ