Монголын дугуйчид ААШТ-ээс хоёр мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67a97bdf55ce6.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Засмал замын дугуйн 44, өсвөр үеийнхний 31, пара дугуйчдын 13 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Питсанюлок, Пичит хотноо болж байна.
Тус тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар манай улс мастеруудын ангилалд хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттай явна. Тодруулбал, мастеруудын эмэгтэйчүүдийн 45-49 насны ангилалд олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 60-64 насны ангилалд “Хоршоолол” багийн тамирчин Д.Энх-Од мөнгөн медаль хүртэв.
Тэгвэл 40-44 насны ангилалд А.Оюун-Эрдэнэ IV, залуучуудын буюу Under-23 насны эрэгтэй ганцаарчилсан гараатай уралдаанд “Төв ургац” дугуйн холбооны тамирчин, спортын мастер, 23 хүртэлх насны улсын аварга Х.Тэмүүлэн өрсөлдөж, VII байрт шалгарлаа. Үүнээс гадна өсвөр болон насанд хүрэгчдийн элит холимог уралдаан манай баг VIII болон VI байр эзэлжээ.