ХАМАС: Барьцааны хүмүүсийг суллах хугацааг хойшлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-11 10:55:19

ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. ХАМАС бүлэглэлийнхэн зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн Израилын талыг буруутгаад ирэх бямба гарагт барьцааны хүмүүсийг суллах товыг хойшлуулна гэж мэдэгджээ. 


Даваа гарагт нийтлэгдсэн ХАМАС-ын мэдэгдэлд дурдсанаар, Израилын цэргүүд Газын зурвасын оршин суугчид руу дайрсан бөгөөд тусламжийн барааг тус зурвас руу оруулахыг зөвшөөрөөгүй байна. Иймээс бямба гарагт болох байсан барьцааны хүмүүсийг суллах зургаа дахь шатны ажиллагааг хойшлуулна гэж тус бүлэглэл мэдэгджээ. Уг солилцооны үеэр барьцааны гурван хүнийг суллаж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлж байв.


Израилын Батлан ​​хамгаалахын сайд Исраэль Кац хариу мэдэгдэл хийхдээ, ХАМАС-ын мэдэгдэл нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байгаа учраас Газын зурваст цэргийнхнийг дээд зэргийн бэлэн байдалд байлгахыг үүрэг болгосон гэлээ. 


Нэгдүгээр сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн хэлэлцээрийн дагуу ХАМАС бүлэглэл нийт 16 израил иргэнийг сулласны хариуд Израилын тал 760 гаруй палестинчуудыг суллажээ. “Wall Street Journal сонинд бичсэнээр, барьцааны хүмүүсийг суллах хугацааг хойшлуулах нь гал зогсооход тулгарах хамгийн ноцтой саад болно. Хэлэлцээрийн дагуу ирэх долоо хоногуудад барьцаанд байгаа 17 хүнийг суллахаар товлоод байгаа юм.

Холбоотой мэдээ