Үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаж буй бүтээгдэхүүний 60 хувьд нь баталгаажуулалт хийгээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-12 16:56:11

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан Хяналт шалгалтын ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд сорьц, жин хэмжүүрийн шалгалт хийлээ.


Шалгалтаар үнэт эдлэлийн гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулж байснаас гадна зарим худалдаачны жин хэмжүүр зөрүүтэй заасан зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ удаагийн  хяналт шалгалтаар үнэт эдлэлийн дэлгүүрт борлуулж байгаа үнэт эдлэл, эрдэнийн чулуу, мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн, сорьцын баталгааны тэмдэг дарсан эсэхийг шалгажээ.


Шалгалтаар илэрсэн зөрчлийн 60 хувь нь бүтээгдэхүүний баталгаажуулалт хийлгээгүй байсан зөрчил илэрчээ. Мөн эрдэнийн чулууны гэрчилгээ бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг гэх мэт нийтлэг зөрчил илэрснийг улсын байцаагчид анхааруулсан байна. Түүнчлэн үнэт эдлэлийн баталгаажуулалт хийгээгүй жин ашигласан, сорьцын тэмдэг тавиагүй үнэт эдлэл, мөнгөн аяга худалдан борлуулснаас гадна импортын бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд Стандарт, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг арилгахаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ хугацаат албан шаардлага хүргүүлжээ. Ингэхдээ бүтээгдэхүүний сорьцын баталгааны гэрчилгээний тэмдэг даруулах, эрдэнийн чулууны гэрчилгээтэй болохыг шаардлага тавьж байгаа юм.


Сүүлийн жилүүдэд цахим орчинд лайваар үнэт эдлэл худалдан борлуулдаг болсонтой холбогдуулан хуурамч бараа, бүтээгдэхүүн худалдан авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Хяналт шалгалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж. 





Холбоотой мэдээ