ХАМАС: Барьцааны хүмүүсийг товлосны дагуу суллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-14 09:54:03

ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /AP/. Барьцааны хүмүүс болон хоригдлуудыг тохиролцсон хугацаанд солилцож, гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө гэдгээ ХАМАС бүлэглэл пүрэв гарагт мэдэгджээ. 


Өмнө нь тус бүлэглэл түр эвлэрлийн хүрээнд майхан, хоргодох байруудыг шилжүүлэн байрлуулахыг зөвшөөрөөгүй, мөн бусад зөрчил гаргасан гэж Израилын талыг буруутгаад, барьцааны хүмүүсийг суллах хугацааг хойшлуулна хэмээн сүрдүүлсэн юм. Гэхдээ дээрх мэдэгдэл барьцаанд байгаа хүмүүсийн суллах шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй хэвээр байна.


ХАМАС барьцааны хүмүүсийг суллах шийдвэрийг хойшлуулна гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “барьцаанд байгаа бүх хүнийг бямба гаргийн үд дунд гэхэд суллах ёстой, эс бөгөөс Газын зурвас там болно” гэж сүрдүүлжээ. Мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлэхдээ, хэрэв ХАМАС тохиролцсон хугацаанд барьцааны хүмүүсийг суллахгүй бол манай улс “ширүүн тулалдаан”-ыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.


Хариуд нь “бид Газын зурвас дахь гал зогсоох хэлэлцээрийг нураах бус харин хэрэгжүүлэх сонирхолтой байна” гэж ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч Абдель-Латиф Аль-Кануа мэдэгджээ. Түүнчлэн Д.Трамп, Б.Нетаньяху нарын заналхийлэл, сүрдүүлгийн шинжтэй мэдэгдлүүд нь гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлөхгүй  гэдгийг тэрбээр дурдсан байна. 


Египет, Катарын зуучлагчид “саад тотгор, санал зөрөлдөөнийг арилгах” хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгийг ХАМАС мэдэгдсэн бөгөөд Египетийн нийслэл Каир хотноо хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээний үеэр зөөврийн сууц, майхан, эмнэлгийн болон түлшний хангамж, түүнчлэн нурангийг цэвэрлэхэд шаардлагатай хүнд машин механизмыг нэвтрүүлэхийг Израилын талаар зөвшөөрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.


Гал зогсоох хэлэлцээрийн дагуу хүүхэд, эмэгтэйчүүд, ахимаг насны эрчүүд зэрэг 33 хүнийг суллахаар ХАМАС тохиролцсоноос одоогийн байдлаар 16 хүнийг олон зуун палестин хоригдлоор солилцоод байна. Энэ нь олон үе шаттай хэлэлцээрийн эхний үе бөгөөд хоёр дахь үе шатанд барьцаанд байгаа бүх хүнийг суллах, эвлэрлийн хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгахыг зорьж байна.

 




Холбоотой мэдээ