Хирошимагийн музейг хоёр сая гаруй хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-17 12:25:51

ХИРОШИМА, 2025 оны хоёрдугаар сарын 17 /Kyodo/. Атомын бөмбөгийн хөнөөлийг баримтжуулсан Хирошимагийн Энх тайвны дурсгалын музей өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн санхүүгийн жилд 2 сая үзэгчийг хүлээн авсан нь 1955 онд байгуулагдсан тус музейн хувьд түүхэн дээд үзүүлэлт болжээ. 


Хирошимагийн Энх тайвны соёлын сангаас танилцуулсан урьдчилсан мэдээллээр, Украины дайн, Ойрх Дорнод дахь мөргөлдөөн үргэлжилж буй энэ үед иенийн ханш суларсан, музейг үзэх олон нийтийн сонирхол нэмэгдсэн зэргээс үүдэн музейд зочилсон хүмүүсийн тоо өнгөрсөн бямба гаргийн байдлаар 2 003 718-д хүрсэн байна.



Ирэх гуравдугаар сарын дунд үе гэхэд музейг үзсэн хүмүүсийн нийт тоо 80 саяас давна гэж таамаглаж байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргаа музейн байгууламжуудад үүсэж буй хэт ачааллыг бууруулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Хирошима хотын төвд атомын бөмбөг хаясан цэгийн ойролцоо байрладаг тус музейд хохирогчдын эд зүйлс болон цөмийн зэвсгийн аймшигт үр дагаврыг харуулах бусад үзмэрийг дэлгэжээДэлхийн II дайны сүүлчийн өдрүүдэд буюу 1945 оны наймдугаар сард АНУ Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаяснаас хойш 10 жилийн дараа уг музей нээгджээ. Бөмбөгдөлтийн улмаас 1945 оны эцэс гэхэд 214 мянган хүн амиа алдсан бөгөөд амьд үлдсэн хүмүүс бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байв.  


Хирошимагийн Энх тайвны дурсгалын музейг Японы архитектор Кэнзо Тангэ бүтээсэн бөгөөд 2006 онд Японы соёлын чухал дурсгалаар нэрлэгдэж байлаа. 2023 онд Хирошимад болсон Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уг музейд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар зочилж байв. 

 


Холбоотой мэдээ