СЭЛЭНГЭ: Хилээр нэвтэрсэн иргэдийн тоо цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймаг дахь Алтанбулаг АЗШНБ болон Сүхбаатар төмөр замын боомтоор нэвтэрсэн
зорчигчийн тоо өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар буурчээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
болон Сүхбаатар боомтоор нэгдүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 51.5
мянган зорчигч нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.7 мянган хүнээр цөөрсөн үзүүлэлттэй байна.
Нийт зорчигчийн 41.3 мянга нь монгол, 10.2 мянга нь гадаад иргэн байна.
Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад хилээр нэвтэрсэн монгол иргэдийн тоо 6.4 мянган хүнээр, гадаад
иргэдийн тоо 2.3 мянган хүнээр тус тус цөөрсөн байна.