Рэпер A$AP Rocky гэм буруугүй болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-19 11:26:34

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 19 /BBC/. Америкийн рэпер A$AP Rocky хуучин найз руугаа гал нээсэн хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогджээ. 


Мягмар гарагт Лос-Анжелесын тангарагтны шүүх жинхэнэ нэр нь Раким Майерс гэдэг уран бүтээлчтэй холбоотой хоёр хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Тэрбээр 24 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх магадлалтай байсан юм.


2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Холливүүдийн гудамжинд маргалдаж байхдаа хип-хоп од өөр рүү нь гал нээсэн гэж Терелл Эфрон гэгч мэдүүлжээ. Харин загварын ертөнцийн магнат, поп од Рианнатай олон жил хамтран амьдарч буй Р.Майерс уг зэвсгийг хуурамч буу байсан гээд, өөрийгөө A$AP Relli гэж дууддаг хуучин найз нь мөнгөний төлөө ийм мэдэгдэл хийсэн хэмээн няцаажээ


Мягмар гарагт Р.Майерсыг гэм буруугүйд тооцсон эхний шийдвэрийг уншиж байх үед шүүхэд байсан хүмүүс баярлан хашгиралдаж, алга ташсан байна. Харин Р.Майерс өөрийнх нь ард сууж байсан гэр бүлийнхнийгээ тэврэн авчээ. Үүний дараа хоёр дахь шийдвэрийг танилцуулах үеэр тэрбээр өмгөөлөгч нараа тэврэн нулимс дуслуулж буй нь харагдав.


Р.Майерс хэлэхдээ, миний амьдралыг аварсан Бурханд баярлалаа гээд, 12 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн талархлаа илэрхийлжээ. Холливүүдийн төв хэсэгт хуучин найзтайгаа ширүүн маргалдсан түүнийг хоёр хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Р.Майерс, Т.Эфрон нар Нью-Йоркт ахлах сургуульд суралцаж байх үеэс бие биенээ мэддэг бөгөөд A$AP Mob гэдэг нэртэй хип-хоп хамтлагийн гишүүд байжээ.



Холбоотой мэдээ