Хиймэл оюуны хэрэглээ ба кибер аюулгүй байдал хэлэлцүүлэг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн. Тэгвэл энэ удаа “Хиймэл оюуны хэрэглээ ба Кибер аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран зохион байгуулж байна.
Хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй хэрэглээ, түүнээс хамааралтай байдал нь улс орнуудын нийгэм, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөг үзүүлж байна. Иймд дэлхийн улс орнууд энэхүү асуудалд онцгой анхаарч эхлээд байгаа аж. Тодруулбал, үндэсний болон олон улсын кибер аюулгүй байдалд хиймэл оюуны үзүүлэх нөлөөллийг оновчтойгоор зохицуулахад нарийн ур чадваруудыг шаардаж, дэлхийн улс орнууд хиймэл оюуны өнөөгийн хэрэглээ болон ирээдүйн чиг хандлага, тэр дундаа тулгарч болзошгүй эрсдэлийг нарийвчлан судлах шаардлага тулгарч байна.
Кибер аюулгүй байдлын хүний нөөцийн хувьд дутагдаж буй ур чадвар, тавигдах шаардлагыг тодорхойлоход энэхүү сургалтын ач холбогдол оршиж байгаа юм. Сургалтад төр, хувийн хэвшил, зохицуулагч байгууллага, иргэний нийгмийн байгууллага, боловсролын байгууллагуудыг хамрууллаа.
Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлыг чадамжийн төв нь үндэсний кибер аюулгүй байдлын чадамжийг жишин судлах, чадамжийг дээшлүүлэх үр дүнтэй хөтөлбөр боловсруулах чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд хиймэл оюуны хэрэглээ ба түүний аюулгүй байдлыг хангах бэлэн байдлын хэмжүүрийг боловсруулсан байна.