Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVII бага хурал Вашингтон хотод болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төв хамтран Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVII бага хурлыг Вашингтон хотноо энэ сарын 14-15-нд зохион байгуулав.
Элчин сайд Ө.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ, “АНУ дахь Монгол судлал нь олон улсын хэмжээнд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал. Монголын баялаг түүх, өв соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулахад Монгол соёлын төв тэргүүтэй байгууллагууд, их дээд сургуулиудад ажиллаж буй монголч эрдэмтэд, бие даасан судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн” хэмээн тэмдэглэв.
Жил бүр уламжлал
болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пеннсильванийн
их сургууль, Өмнөд Каролинагийн их сургууль, Өмнөд Дакотагийн их сургууль,
Роджерс их сургууль, Зүүн Теннесси мужийн их сургууль, Баруун Вашингтоны их
сургууль, Нью-Йоркийн их сургууль, Йелийн их сургууль, Торонтогийн их сургууль,
Канадын Лавалын их сургууь, Истанбулын их сургууль, Америк дахь Монгол судлалын
төв болон манай улсын АШУҮИС, МУБИС, СУИС, Оточ Манрамба их сургуулийн төлөөлөл
бүхий нийт 30 гаруй эрдэмтэн судлаач оролцож, илтгэл хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлэг монголын түүх, хэл шинжлэл, соёл урлаг, археологи, уламжлалт анагаах ухаан, ᠌угсаатны
зүй, байгаль орчин᠌, нийгэм зэрэг сэдвээр өрнөв.
Бага хурлын үеэр судлаач William W.Fitzhugh, Richard D.Kortum нарын "Ritual Landscape Rock Art and Archaeology in Mongolian Altai" номын нээлт болж, оролцогчид Конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцав. Бага хуралд АНУ төдийгүй Канад Улсын судлаачид өргөнөөр оролцсон нь хурлын үйл ажиллагааг Хойд Америкийн бүсийн хэмжээний ажил хэрэг болгов.