БАЯН-ӨЛГИЙ: “Монгол” нүүдэлчин фестивалд казах угсаатны онцлог, өв уламжлалыг сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-21 08:49:47

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголд 2025 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны нэгдсэн цаглаврын хүрээнд соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалыг манай улс анх удаа энэ сарын 16-22-нд зохион байгуулж байна.


Баян-Өлгий аймаг “Монгол” нүүдэлчдийн өвлийн фестивалд казах угсаатны өргөөнд соёлын биет бус өвийн үндэсний төлөөллийн жагсаалтад бүртгэлтэй казах угсаатны онцлог өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан оролцож байна.

 

Үүнд: казах гэрийн уламжлалт урлал, шувуучлахуй буюу бүргэдээр ан ав хийх уламжлал, уламжлалт хувцас урлалын төрлүүдээр өвийг тайлбарлан таниулах боловсролын хөтөлбөрүүд мөн ардын язгуур урлагийн төрлүүд болох домборын күй аялгуу, харилцаа дуу болон бусад язгуур урлагийн төрлийг хамруулсан тоглолт, үзүүлбэрийн тусгай хөтөлбөрүүд багтжээ.


Иргэдийн хувьд “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалын “Казах” өргөөгөөр зочилж, уламжлалт хоол хүнс, гэр сууц, ахуй соёл, язгуур урлаг, уламжлалт арга ухаан, гар урлал, шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зэрэг олон төрлийн үзүүлэх тоглолт, боловсролын хөтөлбөрт оролцох боломжтой юм.

Холбоотой мэдээ