Жеймс Бондын тухай цувралыг продюсерлох эрхийг Amazon-д өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН, 2025 оны хоёрдугаар сарын 21 /BBC/. "Жеймс Бонд” цуврал киноны продюсероор олон жил ажилласан Майкл Уилсон, Барбара Брокколи нар уг франчайзын хяналтын эрхийг “Amazon” компанийн “MGM Studios” студид шилжүүлэн өгчээ.
Америкийн технологийн “Amazon” компани “MGM” кино студийг 2022 онд худалдаж авсны дараа “MGM Studios” студийг байгуулсан бөгөөд тус студи одоо домогт тагнуулчийн тухайн шинэ киноны ерөнхий бүтэц, дуу хөгжим, жүжигчдийн сонголт, тоглолт зэрэг уран бүтээлийн бүхий л ажлыг хариуцан удирдана.
Харин шинээр домогт тагнуулчийн дүрийг бүтээх жүжигчний нэр хэзээ тодрох, дараагийн киноны зураг авалт хэдийд эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.
"Жеймс Бонд” цувралын сүүлчийн анги (25 дахь) буюу “No Time To Die” 2021 онд дэлгэцэнд гарсан юм. Уг кино Британийн жүжигчин Дэниел Крейг домогт тагнуулчийн дүрийг бүтээсэн сүүлчийн анги болсон бөгөөд шүтэн бишрэгчид, кино шүүмжлэгчид дараагийн 007 хэн байх бол гэсэн таамаглалыг дэвшүүлсээр байна.
Барбара Брокколи, Майкл Уилсон, цувралын анхны продюсер болох Альберт "Кабби" Брокколигийн охин, мөн түүний өргөмөл хүү хамтран эзэмшигч хэвээр үлдэх ажээ.
“007 дээр ажилласан гайхалтай 60 орчим жилийн дараа урлаг, буяны төслүүдэд анхаарлаа хандуулахаар Жеймс Бондын тухай киноны продюсерын ажлаа өгч байна" гэж өдгөө 83 настай Уилсон мэдэгджээ.
Харин “Prime Video”, “Amazon MGM Studios”-ын тэргүүн Майк Хопкинс мэдэгдэхдээ, энэхүү нандин өвийг үргэлжлүүлэхээр болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Домогт тагнуулч 007-гийн тухай шинэ ангийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа үзэгчдэд хүргэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Тус студи нь Жеймс Бондын тухай киноны анхны спин-офф болох “007: Саяд хүрэх зам” реалити шоуг өнгөрсөн онд эхлүүлсэн юм.
Альберт Брокколи 1962 онд продюсер Хэрри Зальцмантай хамтран энэхүү домогт цувралыг эхлүүлжээ. Уилсоны хувьд 1985 онд “А View to a Kill” киног бүтээх үед тэдэнтэй хамтран ажиллаж эхэлсэн бол Барбара Брокколи 1995 онд “Golden Eye” кинонд эцгийнхээ оронд продюсероор ажиллаж эхэлсэн байна. Үүнээс хойш Уилсон, Барбара Брокколи нар Бондын тухай киноны уран бүтээлийг багийг удирдаж иржээ.