“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар хуралдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЙОХАННЕСБУРГ, 2025 оны хоёрдугаар сарын 21 /DW/. “Хорийн бүлэг”-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар хоёр өдрийн уулзалт хийхээр ӨАБНУ-д пүрэв гарагт хүрэлцэн иржээ.
Талууд
Ойрх Дорнод болон Украин дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээс гадна Бразил, Энэтхэг, Өмнөд Африк
зэрэг дэлхийн өмнөд бүсийн төлөөлөгчид
олон улсын байгууллагуудад хийх шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засгийн илүү тэгш хөгжлийг
хангах чиглэлд зохих алхмуудыг
хийнэ гэж найдаж байна.
“НҮБ-ын Дүрэм, олон талт байдал, олон улсын
эрх зүйн зарчмууд нь бидний анхаарлын төвд байх ёстой амин
чухал асуудлууд мөн. Эдгээр нь биднийг хамт нэгдмэл байлгадаг цавуу байх ёстой. Геополитикийн
хурцадмал байдал, дайн мөргөлдөөн,
уур амьсгалын өөрчлөлт, цар тахал,
эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг нь хэдийн эмзэг болоод буй энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд заналхийлж
байна” гэж Өмнөд Африкийн
Ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгджээ.
Украины дайнаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлууд, мөн Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа эргэн ирснээс хойших Вашингтоны бодлогод гарсан өөрчлөлтүүдийн талаар тус бүлгийн гишүүд санал хуваагдаад байгаа энэ үед С.Рамафоса “Хорийн бүлэг”-ийн орнуудад хандан хамтран ажиллахыг уриалж байна. "Тус бүлгийн гишүүн орнуудын хувьд бид мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ёстой. Хамтын ажиллагаа бол бидний хамгийн том хүч гэдгийг санах нь чухал" гэж тэрбээр хэлжээ.
Уулзалтад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Ли, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар оролцоно. Харин Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар оролцохгүй гэдгээ мэдэгджээ
Хоёр өдрийн уулзалт
эхлэхийн өмнө М.Рубио оролцох шийдвэрээ цуцалсан нь хэвлэлүүдэд шуугиан тарьжээ. Төрийн департаментын мэдэгдсэнээр, Элчин
сайдын яамны дипломат төлөөлөгч АНУ-ыг төлөөлөн уг уулзалтад оролцох ажээ. Өмнөд Африкийн газрын тухай хуулиас үүдэн дипломат маргаан үүсээд буй үед
М.Рубио уулзалтыг бойкотолжээ. АНУ-ын зүгээс уг хуулийг "газрыг хураах хууль” гэж тодорхойлоод, цагаан арьстнуудад шударга бусаар хандаж буйг шүүмжилсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Африкт үзүүлэх тусламжийг зогсоож байгаагаа зарлахдаа газрын шинэтгэлийн тухай хуулийг үндэслэл болгожээ. Өмнөд Африкт ялгаварлан гадуурхах үзэл дунд өссөн Ерөнхийлөгчийн зөвлөх Илон Маск уг хуулийг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хууль” гэж тодорхойлсон байна. Түүнээс гадна, Газын зурваст ХАМАС бүлэглэлийн эсрэг явуулж буй Израилын дайныг ӨАБНУ геноцид гэж үзээд Олон улсын эрүүгийн шүүхэд Израилын эсрэг нэхэмжлэл гаргасан нь Вашингтоны дургүйцлийг төрүүлжээ.
“Хорийн бүлэг”-ийг
даргалах эрхийг өнгөрсөн онд авсан ӨАБНУ Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг
зохион байгуулж буй Африкийн анхны улс юм. Дэлхийн хүн амын гуравны хоёр нь амьдардаг, дэлхийн ДНБ-ий 85 хувийг бүрдүүлдэг тус бүлэгт 19 улсаас гадна Европын
Холбоо, Африкийн Холбоо багтдаг.