БАЯН-ӨЛГИЙ: “Гэрэгэ киоск” төхөөрөмжийг хүн ам ихтэй багуудад байршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-21 14:21:22

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Гэрэгэ киоск” төхөөрөмжийг хүн ам ихтэй багуудад байршуулахаар ажиллаж байна.


Өлгий сумын ЗДТГ-аас цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зорилгоор “Гэрэгэ киоск” төхөөрөмжийг хүн ам ихтэй багуудад байршуулахаар ажиллаж байна.


Уг ажлын хүрээнд Гэрэгэ системс ХХК-тай хамтран орон нутагт киоск машиныг нэмэгдүүлэх, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.


Өнөөдөр Гэрэгэ системс ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Н.Мөнхнарангаар ахлуулсан ажлын баг Өлгий сумын Засаг дарга Х.Болатбек, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан нартай уулзаж, Өлгий сумын тодорхой байршлуудад өөртөө үйлчлэх төрийн үйлчилгээний Хурдан киоск машиныг нэмж байршуулах талаар ярилцлаа.

 

Шинэ киоскоос иргэд газрын кадастрын зураг хэвлэж авах, татварын өрийн үлдэгдлийн лавлагаа, нотариатаар гэрчлүүлэн итгэмжлэлийн лавлагаа авах зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг авах боломжтой бөгөөд энэхүү ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Авто тээврийн төв, 6, 7, 9, 10 дугаар багуудад удахгүй Хурдан киоск машиныг нэмж байршуулах юм.

Холбоотой мэдээ