ӨВӨРХАНГАЙ: Улсын аваргуудад шагналыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-24 07:08:30

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, улсын аварга цолд хүрсэн малчин, саальчин, тариаланчдад шагналыг гардууллаа.


XVII жарны элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин модон могой жилийн босгон дээр Өвөрхангай аймгаас “Улсын аварга малчин” ес, “Улсын аварга саальчин”, “Улсын аварга тариаланч хамт олон” тус бүр нэг шалгарсан юм.




“Өвөрхангай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 970 тэрбумд хүрсэн. Үүний 50 хувь нь аймгийн 17400 малчин өрхийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүрдсэн” хэмээн аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хэлсэн үгэндээ онцоллоо.


Мөн УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл үг хэлэхдээ, “1943 онд БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсан зарлиг гаргаж, аварга малчин шалгаруулдаг болсноос хойш манай Өвөрхангай аймгаас нэр цуутай олон сайн малчин төрөн гарсан. Сайн малчдын маань үргэлжлэл, удам угсаа нь өдий хүртэл буухиалан ирж, бид өнөөдөр аварга малчид, тариаланчдынхаа алдрыг тэмдэглэхээр нэгэн түүхийн гэрч болон зогсож байна” гэв.



Аваргуудын шагналыг аймгийн Нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн танхимд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, П.Мөнхтулга болон аймгийн удирдлагууд гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ