УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-09 17:22:25

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гошийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Ноён Сомнат Гош Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд сүүлийн 4-5 жил хоёр улсын парламент хооронд харилцан айлчлал хийгдээгүй. Цаашид хоёр орны парламентын харилцан айлчлалыг сэргээх саналтай байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл манай хоёр орон эртний сайн харилцаатай. Ялангуяа соёлын хувьд олон жилийн харилцаатай явж ирсэн. 1955 онд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна гэв. Мөн тэрээр Монгол Улсаас оюутан сургах, дадлагажуулах тал дээр Элчин сайд та ихээхэн анхаарал тавьж байдагт баяртай байна гээд таны хэлсэнчлэн сүүлийн 4-5 жил харилцан айлчлал хийгдээгүйтэй санал нэг байна. Тиймээс цаашид хоёр орны парламентын дарга нар болон гишүүд, Тамгын газрын ажилтнуудын хооронд айлчлалуудыг зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Түүнчлэн УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг 19 гишүүнтэй буюу хамгийн олон гишүүнтэй хүчирхэг бүлэг гэдгийг танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ