ДОРНОД: Бичигтийн боомтыг түшиглэн багийн бага сургууль байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-02-25 15:35:58

Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Дорнод аймагт ажиллах үеэрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтыг түшиглэн багийн бага сургууль байгуулна гэв. Учир нь дээрх ажил нь Дорнод аймгийн жишиг болсон төсөл хөтөлбөрүүдийн нэг.


Энэхүү төслийг дөрвөн жилийн өмнө Матад сумын Мэнэн багт хэрэгжүүлснээр 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадалтай бага сургуулийг байгуулж байсан юм. Ийнхүү бага сургууль байгуулснаар багийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, хилчдийн хүүхдүүд аав, ээжтэйгээ амьдарч, суралцах боломж бүрдсэн. Мөн бага сургуульд 10 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

"Багийн бага сургууль" төслийг санаачилсан иргэн Л.Лхагвасүрэн, “Энэ жишгээр шаардлагатай газруудад багийн бага сургуулиудыг байгуулбал малчин, тариачин, алслагдсан буйд нутгийн минь хүмүүний болон газар нутгийн дархлаа нь болох учиртай” гэв.


Боловсролын сайд иргэдтэй уулзах үеэрээ, “Цаашид боловсролын салбарт төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, гэртээ ойр сургууль, цэцэрлэг төслийг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагуудын менежментийг сайжруулах, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах зэрэг бодлогыг баримталж ажиллана” хэмээн онцоллоо. 

Холбоотой мэдээ