АРХАНГАЙ: Худгийн толгойн хүннү булш нь төмөр зэвсгийн үеийн хүннүгийн соёлд хамаардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн арван сумын нутагт улсын хамгаалалтын зэрэглэлд ордог түүх, соёлын 22 үл хөдлөх дурсгал байдгийг цувралаар танилцуулж байна. Энэ удаад Худгийн толгойн хүннү булшны тухай дурдъя.
Худгийн толгойн хүннү булш нь төмөр зэвсгийн үеийн Хүннүгийн
соёлд хамаардаг булш юм.
Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт сумын төвөөс 30 км орчим зайтай орших Адуун чулуун уулын өврийн жижгэвтэр хадтай толгойг Худгийн толгой гэнэ. Толгойн урд тэгш аманд хүннү нарын 306 булш, гурван хиргисүүр бий гэж тогтоосон байдаг.
Худгийн толгойн булшууд хэмжээгээр харилцан адилгүй бөгөөд том нь 25 м, жижиг нь 3 м голч бүхий чулуун далантай. Далангийн төв хэсэгт голдуу хонхорхойтой.
Монгол-Зөвлөлтийн судлаачдын хүрэл ба төмөр зэвсгийн дурсгал судлах анги 1980-1982 онд энд хэдэн булш, 1987 онд Монгол-Унгарын хамтарсан археологийн шинжилгээний анги хоёр булш малтаж шинжилсэн байна. 1987 онд малтсан эхний булш нь 7.5 м голч бүхий дугуй чулуун далантай. Далангийн төвийн 3.5 м голч бүхий хэсэгт чулуугүй. Булшны дотор модон авсгүй, харин хавтгай чулуугаар хашлага хийж оршуулсан байв.
Булшийг эрт цагт тонуулчид ухаж сүйтгэсэн ул мөр байжээ. Нүхний гүн 3.3 м байв. Энэ булшнаас хазаарын амгай, товруу, оломны дөрвөлжин ба дугуй арал, дөрөөний хагас, хутга, зэвэрч муудсан төмөр эдлэлүүдийн үлдэгдэл их гарсан байдаг. Мөн бугын эврээр хийсэн нумны дунд талын болон үзүүрийн наалтууд хэд хэд гарчээ.
Хоёр дахь булш нь хэлбэр хэмжээний хувьд дээрхтэй бараг адил. Мөн тонуулчид сүйтгэсэн учир оршуулгын зан үйлийн хувьд тодорхой дүгнэх бололцоогүй. Энэ булшнаас ар талдаа 16 үсэгтэй цац хүрэл толь олдсон. Энэ нь хүннүгийн булшнаас гарсан анхны бүтэн толь юм. Үүнээс гадна шавар савны хэсгээр хийсэн ээрүүлийн таваг, бугын эврийн тайранхай, гурван ширхэг ваар гарчээ.
Худгийн толгойн хүннү булшнаас гарсан хэрэглэгдэхүүн нь хүннү булшнаас нийтлэг илэрдэг бөгөөд НТӨ II зуунаас НТ-ын I зууны үед хамаарна.