О.Ганжигүүр: Хэцүү үедээ бийрээ бариад л суучихдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Бид “Монголын сайхан бичигтэн” уралдааныг зохион байгуулаад эчнээ 28 жилийг ардаа үджээ.
“Монголын сайхан бичигтэн-2024” уралдааныг хоёр дахь жилдээ олон улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийт 1200 орчим хүн бичвэр бүтээлээ ирүүлсэн. Үүний дотор БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын монгол бичигтнүүд бүтээлүүдээ уралдуулсан юм. Уралдааны “Уран бичлэг”-ийн ангилалд оролцож тэргүүн байр эзэлсэн МУБИС-ийн Багш-МХУЗ-ын боловсрол мэргэжлийн дөрөвдүгээр түвшний оюутан О.Ганжигүүртэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Манай уралдаанд тууштай оролцож энэ жил байраа ахиулсанд баяр хүргэе. “Монголын сайхан бичигтэн” уралдаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-“Монголын сайхан бичигтэн” уралдаанд дунд сургуулийн 9, 10 дугаар ангиасаа л оролцож эхэлсэн. Тууштай хичээсний эцэст 2023, 2024 онд шагналт байр эзэлсэндээ баяртай байгаа.
-Олон жил оролцож байгаа юм байна шүү дээ. Жил жилийн уралдааны онцлогийг дурдвал...
-Монгол үндэстнийг, цаашлаад олон улсын монгол бичигтнүүдийг хүмүүсийг хамарч байгаагаараа хамгийн онцлог болов уу. Учир нь монгол уран бичлэг, үндэсний бичгийг тодорхой хэмжээнд даяаршуулж байна гэж боддог. Мөн бүх насны болоод бүхий л мэргэжлийн хүмүүс оролцоход нээлттэй байдаг нь их таалагддаг.
-Монгол хэл бичгийг хэзээнээс шимтэж суралцсан бэ? Цаашлаад уран бичлэгийг хэрхэн суралцав?
-Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-д 12 жилээ дүүргэсэн. Монгол бичгийг анх зургаадугаар ангидаа сурч байсан. Их сонирхолтой санагдаад, бүх үсгээ хурдан үзээд уншдаг болох юмсан гэж боддог байлаа.
Уран бичлэгийг есдүгээр ангидаа заалгаж байсан. Орон нутагт маань муутуу, бийр, бэх гэх мэт хэрэглэгдэхүүн ховор тул тэдгээрийг авахын тулд заавал хот руу захина. Захиж авчруулсан хэрэглэгдэхүүнээ их гамнаж хэрэглэнэ. Өдөр болгон бичээд сууж чаддаггүй байлаа. Харин оюутан болоод сонирхол нэгтэй найзууд, ах, эгч, дүү нартайгаа нэгдээд чадвараа илүү хөгжүүлээд сайхан байна.
-Уран бичлэгээр бичихийн давуу тал, сайхан зүйл мэдээж
их биз ээ. Таны хувьд өөртөө шингээж авч буй хамгийн сайхан зүйл
гэвэл юуг хэлэх бол...
-Би уран бичлэгээр бичиж эхлээд маш их өөрчлөгдсөн. Бийр, муутуугаа нийлүүлээд суухад үнэхээр тайвширдаг. Өмнө нь бодлоо илэрхийлж чаддаггүй бухимддаг байсан бол одоо хэцүү үедээ бийрээ бариад л суучихдаг. Мөн бүтээлч сэтгэлгээ, тууштай байдал гэх мэт олон чадварыг эзэмшсэн дээ. Нэг бүтээлийг хийхийн тулд олон хоногоор бэлддэг, их боддог, өөр өөр аргаар туршиж үздэг болохоор тэр байх.
-Тэгвэл жил жилийн уралдааны бүтээлээ хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Нэг бүтээл хийхдээ хоёр, гурван сарын өмнөөс санаагаа бодож эхэлдэг. Эсвэл хагас жил бодож явсан санаагаа долоо хоногт буулгаж хийдэг ч үе бий. Бүтээлээ хэрхэн хийх вэ гэдэг бодол үргэлж бодогддог доо. Энэ жилийн бүтээлээ уралдааны удирдамж гарсны дараа санаагаа бодож олсон. Хоёр сар бэлдэж оролцсон.
-Уран бичлэгийг анх заасан багшийнхаа тухай ярьж өгнө үү?
-Уран бичлэгийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн МХУЗ-н багш Д.Мөнхчимэг багшаараа заалгасан. Хэрхэн зөв суух вэ, бийртэйгээ хэрхэн харьцах вэ гэх мэт өөрийн мэддэг бүх л зүйлээ харамгүй зааж өгсөн. Суурийг маань маш сайн тавьж өгсөн юм байна даа гэж боддог. Мөнхчимэг багшаасаа үлгэр дуурайлал авч, багш шигээ сайн багш болно доо гэж боддог.
-Монгол бичгийг мэддэг, дээдэлдэг хүмүүсийн хувьд бусдад түгээн дэлгэрүүлэх, нөлөөлөх нь чухал байдаг шүү дээ. Энэ тал дээр таны хийж буй зүйлс чамгүй байх...
-Баярлалаа. МУБИС-д “Титэм” уран бичлэгийн дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлдэг. Хичээлийн семестр бүр шинэ элсэлт авч бийрийн бичлэг, хулсан үзэг, эвхмэл бичгийг өөрсдийнхөө хэмжээнд сурган, хагас жил хичээллээд тайлангаа тавих зорилготой сургууль дээрээ үзэсгэлэн дэлгэдэг. Энэ жилийн элсэлттэйгээ нийлээд нийт 70-аад оюутныг дугуйландаа хамруулсан байна билээ.
-Багшийн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
-Багаасаа л ангийн найзууддаа мэддэг зүйлээ заадаг, их яриа хүүхэд байсан. Энэ зан маань нөлөөлсөн гэж боддог. Дунд ангид ороод монгол бичиг, бийрийн бичиг сураад багш болох мөрөөдлөө илүү бат болгосон гэж хэлж болно. Д.Мөнхчимэг багш маань “Чи их сайн багш болно оо” гэж хэлдэг байсан. Энэ үг мөрөөдлийг маань илүү хурцалж өгсөн байх.
-2025 оноос төрийн албан хэргийн монгол бичиг болон кирилл бичгээр хослуулан хөтөлж эхэллээ. Мэргэжлийн ангийн оюутан хүний хувьд энэ тухайд?
-Хэл бичиг бол тухайн улс үндэстний дархлаа байдаг шүү дээ. Монгол бичгээ өдөр тутмын хэрэглээ болгож цаашлаад бусад улс орнуудад ч түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Төрийн албан хэргийг хослуулан хөтөлж байгааг миний хувьд дэмжиж байгаа. Цаашлаад хүн бүхэн өдөр тутамдаа хэрэглээсэй.
-Саяхан дугуйлангаараа хамтарч үзэсгэлэн гаргасан байсан. Баяр хүргэе. Үзэсгэлэн гаргахад хүндрэлтэй зүйл байв уу?
-Баярлалаа. Энэ жил “Титэм” дугуйлангийнхан дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. 2024-2025 оны элсэлтийн оюутнуудтайгаа нийлээд “ТИТЭМ-2025” нэртэй үзэсгэлэнгээ “Олон улсын эх хэлний өдөр” буюу хоёрдугаар сарын 21-нд нээсэн. Үзэсгэлэн дэлгэхэд цаг зав их шаарддаг учраас хүндрэлтэй зүйлүүд, зарим оюутнууд маань шантрах үе ч байлаа. Хагас жил хичээллээд гаргаж байгаа бүтээлүүдийг нь хараад дүү нараараа их бахархсан.
-Уран бичлэгээр бичих, суралцах, тэмцээн уралдаанд оролцох, үзэсгэлэн гаргах, дэглэх, хамтарч оролцох гээд туршлага нэмэгдсээр л байгаа байх. Үе тэнгийнхэн болоод, дүү нартаа, мөн анхлан суралцахаар эрмэлзэж буй хүмүүст юу зөвлөх вэ?
-Уран бичлэгээр бичдэг хүмүүсээр их бахархдаг. Яагаад гэвэл анхнаас нь зөв суурьтай сурах нь маш чухал. Муутуу цаасаа яаж татахаас л эхэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл их тэвчээр, тууштай, хариуцлагатай, тогтвортой байдлыг хүнээс шаарддаг.
Мөн цаг зав их шаарддаг учир битгий шантраарай гэж захья. Монголын маань нэгэн дархлаа болсон соёл учир хүн бүхэн сонирхоод, хичээллээд үзээсэй гэж боддог доо.
-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн
их амжилт хүсье.