Япон Улсын Ерөнхий сайдад бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-04 10:06:04

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Ш.Ишибад өчигдөр бараалхав.


Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын төр, Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг нотолж, Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улсын Засгийн газар, Японы ард иргэдээс тууштай дэмжиж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг ГХЯ мэдээллээ.  


Талууд Монгол Улс, Япон Улсын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшинд улс төрийн итгэлцэл бэхжиж буйг тэмдэглээд, цаашид бүх л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, энэхүү түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг тэлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотолжээ.

 

Холбоотой мэдээ