Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-04 11:08:58

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эрчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг бол бүсгүйчүүд эрчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг гэсэн 2023 оны судалгаа байна.


Эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд цаг их зарцуулдгаас шалтгаалж эдийн засгийн боломжоос тэгш хүртэж чадахгүй байгааг ГБХНХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Монгол Улсын Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулах нь” хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хөндөж байв. 


ГБХНХЯ-наас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асрахуйн ажил эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахыг дэмжсэнээр улсын хэмжээнд 120 төвд 315 хүүхэд асрагч 1599 хүүхдийг асарчээ. Засгийн газраас 2025 онд хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид олгодог асаргааны тэтгэмжийг нэмж сард 445,000 төгрөг болгов. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч буй иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмжээ.


Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх дэмжих төв байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулахаар болж 8,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, төвийн ажиллах дүрмийг батлаад байна. Асаргааны хувилбарт үйлчилгээний нэг төрөл гэрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр Ахмад настны тухай хуульд тусгасан. Улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг 8, хувийн хэвшлийн асрамжийн 4 газарт 507 хүн асруулж байна.


Цаашид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар асаргааны үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд хүргэдэг болохыг судалж байгааг ГБХНХЯ мэдээлжээ.

 

 

Холбоотой мэдээ