Ларри Пейжийн нисдэг автомашин камерын дуранд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-10-26 13:02:22

ВАШИНГТОН. /KAZINFORM/. Америкийн “Google” компанийг үүсгэн байгуулагчдын нэг болох Ларри Пейжийн маш их нууцалж байсан нисдэг автомашины анхны загвар Калифорни муж улсад камерт өртжээ.

Энэ хачирхалтай нисдэг машиныг Холлистер хотын нисэх онгоцны буудлын ойролцоо нисч байхад нь Калифорни муж улс дахь нисэх онгоцны эд анги үйлдвэрлэдэг “DK Turbines” компанийн ажилтнууд гар утсандаа зургийг нь буулгаж авсан байна.

Нүдээр харсан гэрчүүд ярихдаа “энэ машин газраас 8 м орчим өндөрт нисч, яг л жижигхэн нисэх онгоц шиг харагдаж байсан. Цахилгаан мотортой адил чанга дуутай байсан” гэжээ.

2010 онд Л.Пейж тээврийн салбарт хувьсгал хийхийн тулд агаарт хөөрч, газраар явах боломжтой тээврийн хэрэгслийг зохион бүтээх зорилгоор “Zee.Aero” гэдэг компанийг байгуулж байв. Энэ компани НАСА, “Boeing” болон “SpaceX” компанийн инженерүүдийг хөлслөн ажиллуулдаг аж.

Гэрэл зургаас харахад, энэ нисдэг машин нь хамар болон сүүлэн хэсэгтээ далавчтай, найман хөдөлгүүр, найман сэнстэй байна.

Л.Пейж нисдэг машин бүтээх төсөлдөө 100 сая гаруй доллар зарцуулаад байгаа гэсэн мэдээлэл бий. Тэрбээр уг төслийг ихэд нууцалж байсан боловч энэ оны зургадугаар сард “Bloomberg” телевиз төслийн талаар нийтэд мэдээлсэн юм.

Түүний өөр нэгэн компани болох “Kitty Hawk” ч мөн адил “Zee.Aero”-гийнхоос арай өөр загвартай нисдэг автомашин зохион бүтээхээр ажиллаж байгаа аж. Энэ хоёр компанийн оффис нь хоорондоо 2 км хүрэхгүй зайд оршдог байна.

Л.Пейжийн компаниудаас гадна бусад улсын найман компани, тэдгээрийн дотор АНУ-ын “Terrafugia”, Хятадын “Aviation Industry Corporation of China”, Нидерландын “PAL-V”, Германы “Е-Volo” болон Словакийн “Aeromobil” компани нисдэг автомашин зохион бүтээхээр ажиллаж байгаагаа саяхан мэдэгдсэн юм.

Нисдэг автомашины үнэ нь 200-500 мянган доллар байх төлөвтэй байна. Ийм машиныг 2017 оноос худалдаанд гаргах бололтой.

Г.Доржханд 

 

 

Холбоотой мэдээ