Энэ онд 8348 иргэнд 926.38 га газрыг өмчлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаараа улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталжээ.
2025 онд нийт 8348 иргэнд 926.38 га газрыг өмчлүүлэхээр тогтоолоо. Тухайн шатны ИТХ-аар баталсан найман дүүрэг, 20 аймгийн нийт 271 сумдын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршил болон холбогдох яамдаас ирүүлсэн саналыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай байгаа эсэхийг шалгаж, давхцал, зөрчилгүй байршлуудыг тус Засгийн газрын тогтоолд тусгажээ.
Тухайн жилийн төлөвлөгөөг
холбогдох хууль, журмын дагуу давхцал, зөрчилтэй эсэхийг шалгадаг болсноор
улсын хэмжээнд газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөгүй газар олгож ирсэн сумдыг төлөвлөгөөтэй болгож, газрын эрх олгох
асуудлыг зөвхөн төлөвлөгөөний дагуу явуулах, газрын зөрчил, маргаан үүсэхээс
сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах төсвийн зардлыг бууруулах зэрэг ач
холбогдолтой аж.