Нийслэлийн хэмжээнд зам барилга, талбайд хяналт хийж, зөрчил арилгах ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-10 17:12:40

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас иргэдийн эрүүл,ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил арилгах ажлыг эхлүүллээ.


Хотын стандартыг мөрдүүлэх хүрээнд дараах зөрчлийг арилгуулах юм. Тухайлбал

  • Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хашаа, хайс, байгууламж;
  • Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл;
  • Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг;
  • Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ;
  • Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт;
  • Инженерийн шугам сүлжээний онгорхой таг, гадаргын ус зайлуулах сүлжээ, трапп, хоолой;
  • Авто замын байгууламж, хашлага, явган хүний замын эвдрэл;
  • Оршин суух бүсэд газрын зориулалтыг зөрчиж, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг;
  • Суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц;
  • Суурьшлын бүсэд байрлах хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр;
  • Гудамж, зам талбайд үүссэн хур хог хаягдал, бохирдсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө;
  • Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна орчны стандарт;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй төлөвлөлт;
  • Гадна фасад, засвар үйлчилгээ;
  • Хотхон, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж зэргийн зөрчлийг арилгаж, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ингэхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах гэхчлэн холбогдох арга хэмжээг авч, хотын стандартыг мөрдүүлнэ. Хяналт, шалгалтын ажил ирэх тавдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж НЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ