Монгол Улсын Ерөнхийлөгчид Францын Элчин сайд Ив Дэлунэ бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-09 19:37:23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин тэлж байгаатай холбогдуулан Францын Элчин сайдын яам шинэ хамт олноор бүрэлдэхүүнээ шинэчилснийг танилцуулав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрчимжиж, хоёр талын хооронд чухал айлчлалууд болсныг дурдав. Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд Элчин сайд Ив Дэлунэгийн оруулсан хувь нэмрийг Монголын төр өндрөөр үнэлснийг онцлоод түүний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэн ерөөв.

Хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй,  боловсрол болон бусад салбарт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг Элчин сайд Ив Дэлунэ дурдав.

Элчин сайд Ив Дэлунэ нь 2012 оны нэгдүгээр сараас хойш Монгол Улсад ажилласан бөгөөд энэ хугацаанд Франц Улсын Гадаад хэргийн сайдын анхны албан ёсны айлчлал, хоёр орны парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн харилцан айлчлал, Монгол, Францын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн 1, 2 дугаар хуралдаанууд, 2015 онд Батлан хамгаалахын сайдын түвшний анхны албан ёсны айлчлал зэрэг хоёр талын харилцааг өргөжүүлэх арга хэмжээнүүд болжээ. Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд олон чухал гэрээ хэлэлцээр байгуулан, баримт бичигт гарын үсэг зурсныг Элчин сайд Ив Дэлунэ тэмдэглэв. 

Холбоотой мэдээ