UEFA Champions League: Шөвгийн наймын багууд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны гуравдугаар
сарын 13 /РИА Новости/. “Реал Мадрид” багийн хөлбөмбөгчид цуврал
торгуулийн цохилтоор Мадридын “Атлетико” багийг буулган авч, хоёр тоглолтын нийлбэр
дүнгээр Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-д шалгарлаа.
“Атлетико”-гийн талбайд өчигдөр
болсон шөвгийн 16-гийн хариу тоглолтын үндсэн ба нэмэлт цаг 1:0 гэсэн харьцаагаар
дууссан байна. Талбайн эзэн багийн Конор Галлахер тоглолт дөнгөж эхлэнгүүт 29
дэх секундэд гоол оруулсан нь англи тоглогчдын хувьд Аваргуудын лигт хамгийн
богино хугацаанд оруулсан гоол боллоо. Мөн “Атлетико”-гийн түүхэнд, лигийн энэ улирллын
тэмцээний үеэр оруулсан хамгийн хурдан гоол байв.
Харин 70 дахь минутанд “Реал”-ын
Винисиус Жуниор торгуулийн цохилтыг алджээ.
Эхний тоглолтод реалчууд 2:1-ээр
хожсон тул нийлбэр дүнгээр ялагчийг тодруулахын тулд цуврал торгуулийн цохилт
хийхэд “Эзэн хааны клуб” 4:2 харьцаагаар илүүрхлээ.
Одоо Аваргуудын лигийн тэмцээний өмнөх
улирлын аварга “Реал Мадрид” баг шөвгийн 8-д Английн “Арсенал”-тай тоглоно.
Арсеналчууд шөвгийн 16-гийн хариу
тоглолтод Нидерландын ПСВ багтай тэнцсэнээр дараагийн шатанд шалгарсан юм. Өчигдөр
Лондонд болсон тоглолт 2:2-оор өндөрлөсөн бөгөөд эхний тоглолтод “Арсенал” баг
7:1-ээр хожсон тул хоёр тоглолтын нийлбэрээр шөвгийн 8-д хоёр улирал дараалан шалгарлаа.
Мөн өчигдөр “Астон Вилла” баг өөрийн
талбайд Бельгийн “Брюгге”-г 3:0-ээр илт давамгайлсан бөгөөд өмнөх тоглолтод
3:1-ээр хожсон тул шөвгийн 8-д 1982/1983 оны улирлаас хойш анх удаагаа
шалгарлаа.
Шөвгийн 16-гийн дөрөв дэх хариу тоглолт өчигдөр болж, Дортмундын “Боруссиа” багийн хөлбөмбөгчид Францын “Лилль” багийг талбайд нь 2:1-ээр хожжээ. Талбайн эзэн багийн Жонатан Дэвид 5 дахь минутанд гоол оруулсны хариуд Дортмундын Эмре Жан (54, пенальти), Максимилиан Байер (65) нар гоолдлоо. Дортмундад болсон эхний тоглолтод багууд 1:1-ээр тэнцсэн тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр германчууд шөвгийн 8-д шалгарч байна.
Ингээд шилдэг 8 баг дараах байдлаар
хоорондоо учраа таарчээ:
"Арсенал" (Англи) -
"Реал" (Испани)
"Пари Сен-Жермен"
(Франц) - "Астон Вилла" (Англи)
"Барселона" (Испани) -
"Боруссиа" (Дортмунд, Герман)
"Бавария" (Герман) -
"Интер" (Итали).
Шөвгийн 8-ын эхний тоглолтууд 4
дүгээр сарын 8 ба 9-ний өдрүүдэд, хариу тоглолтууд 15 ба 16-ны өдрүүдэд болно.