“Хөх дөл” төсөл дэлгэцийн бүтээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-13 14:18:32

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нарын санаачилсан “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн 20 ангит цуврал контентын нээлт  “Корпорейт конвейшн центр”-т болно.


Энэ үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдрал дээр түшиглэн илэрхийлсэн дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног олон нийтийн хүртээл болгох юм. Харин нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлэх аж.


“Хөх дөл” төслийг “Хишигт Жанжин” төрийн бус байгууллагаас гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслөөр олон зууны түүхтэй нүүдэлчин ахуй, соёлын биет бус өв, түүний илэрхийллүүдийг баримтжуулан авч үлдэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсээрээ бахархах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.


Ташрамд дурдахад, УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан юм.



Холбоотой мэдээ